Дэлхийн ноён оргил Эверест уулын зүүн хэсэг буюу Төвөдийн талд цасанд боогдсон 1,000 гаруй уулчныг аврах ажиллагаа үргэлжилж буйг Хятадын төв хэвлэл мэдээлсэн байна.
Далайн түвшнээс дээш 4,900 метрийн өндөрт байрлаж буй уулчдын отогт хүрэх замыг хунгарласан цаснаас цэвэрлэх ажилд мэргэжлийн аврагчдаас гадна хэдэн зуун нутгийн иргэн оролцож байгааг мэдээлжээ.
Сүүлийн байдлаар нийт 350 орчим уулчин аврагдсаныг ойролцоох Кудан тосгонд аюулгүй хүргэжээ.
Баасан гарагийн орой орж эхэлсэн их хэмжээний цас уулчдын гол зам болох Эверестийн зүүн хэсэгт хунгарлан тогтсон юм байна.
“Тэнд маш их хүйтэн, чийгтэй байгаа нь осгох эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Энэ жилийн цаг агаар хэвийн биш байна. Урьд өмнө нь аравдугаар сард ийм цаг агаар үзэж байгаагүйгээ хөтөч хэлсэн. Энэ бол гэнэтийн үзэгдэл юм” гэж Куданд хүргэгдсэн уулчдын нэг Чэнь Гэшуан ярьжээ.
Төвөдийн Тингри хошууны аялал жуулчлалын компани Бямба гарагаас эхлэн жуулчдыг Эверестийн бүсэд нэвтрүүлэхээ зогсоосон байна.
Төвөдийн хөрш Балба улсад сүүлийн хоёр өдөр хүчтэй аадар борооны дараа үер бууж, хөрс гулссаны улмаас 47 хүний амь үрэгдээд байгаа.
Эверест бол далайн түвшнээс дээш 8,849 метр өндөр буюу дэлхийн хамгийн өндөр уул юм.
Энэ уулын оргилд авирах нь маш аюултай боловч жил бүр ийм зорилгоор ирэх уулчдын тоо нэмэгдсээр байгаа.
Үүний улмаас сүүлийн жилүүдэд авирагчдын хэт нягтрал, хүрээлэн байгаа орчны бохирдол, осол эндэгдэл зэрэг асуудлууд улам бүр хурц болж байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!