ЭРЭЭН рүү явахдаа болгоомжтой байгаарай
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан БНХАУ-ын Эрээн хотыг зорих монголчуудын тоо ихэсч, өдөрт хилээр нэвтрэх иргэдийн тоо 8 -10 мянгад хүрээд байгаа аж. Үүнтэй уялдан, хилийн боомт, гааль дээрх ачаалал эрс нэмэгдэж, иргэд аливаа зөрчилд холбогдох нь ихэсчээ.
Иймд ачаалал ихтэй байгаа энэ өдрүүдэд худалдаа наймаа хийхээр тус хотод зорчиж буй иргэн бүр сонор сэрэмжтэй байж, эрх ашиг нь хөндөгдсөн тохиолдолд:
- Консулын газрын 62269001 дугаарын утсанд болон тус хотын шинэ, хуучин зээл
- Барилгын материалын зах
- “Шэн тун” тавилгын дэлгүүрүүдэд байрлуулсан самбар дахь монгол хэлээр гомдол хүлээн авах утас
- Эрээн хотын төв болон Улаан, Шилийн, Дүнчин дүүргийн цагдаагийн хэсэг,
- Шинэ, хуучин зээлийг хариуцсан цагдаагийн хэсгүүдэд шууд хандахыг Эрээн хот дахь Консулын газраас анхаарууллаа.
Мөн хил хаахаас өмнө буюу өдөр бүр 18.00 цагаас өмнө Эрээн-Замын-Үүд боомтоор нэвтрэх шаардлагатайг сануулав.
Эрээн хот дахь Консулын газар хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн монгол иргэдийнхээ гомдол, мэдээллийн мөрөөр тус хотын хил, гааль, боомтын захиргаа, цагдаа, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагуудтай тухай бүрт шуурхай харилцаж, бүх хүч бололцоогоо дайчлан ажиллаж байгаа гэдгээ дуулгалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
