"Монгол тамирчдыг урт хугацаанд бодитой амжилт гаргахад туслах шинжлэх ухаанд үндэслэсэн институт байгуулагдлаа"
Монгол Улсад спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гурван холбоо нэгдэж Монголын Бие Бялдар Спортын Шинжлэх Ухааны Институт байгуулжээ.
Тодруулбал Монголын Спортын Анагаах Ухааны Хөгжлийн холбоо, Монголын Спортын Сэтгэл Судлаачдын Холбоо болон Монголын Спорт Эмчилгээний Хоолзүйн Холбоод нэгдсэн байна.
Тус байгууллагын тэргүүнээр спортын гэмтлийн эмч Э.Түвшинбаяр, Удирдах зөвлөлд нь спортын сэтгэлзүйч Б.Золзаяа, спортын хоолзүйч С.Мөнхтуул нар ажиллах аж.
Тэгвэл тус институтийн нээлт өнөөдөр болж буй талаар зохион байгуулагчид хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Энэ талаар Э.Түвшинбаяр "Шинээр байгуулагдаж буй институтийн үндсэн гол зорилго нь Монголын спортод шинжлэх ухаан, технологи, инновацад суурилсан арга зүйг боловсруулж, нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Тамирчны гүйцэтгэл, эрүүл мэнд, урт хугацаанд тамирчин илүү амжилт гаргах нөхцөлийг нь бүрдүүлнэ.
Зөвхөн тамирчид гэлтгүй манай улсын нийт хүн амын эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллаж, эрүүл монгол иргэнийг бэлдэх, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмадууд гээд бүх насны иргэдтэй хамтрах юм. Тиймээс манай институт бүх холбоо, хувь тамирчидтай хамтран ажиллахдаа нээлттэй байх болно.
Монгол тамирчдыг урт хугацаанд бодитой амжилт гаргахад шинжлэх ухаанд үндэслэсэн суурь судалгааг ашиглаж, хувь нэмрээ оруулахыг зорьж байна.
Бид тив дэлхийд амжилт үзүүлсэн тамирчдыг төрүүлэхээс гадна зөвхөн монгол хүний онцлог, нөөц чадамжийг батлан харуулахыг хүсэж буй.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд бид БНСУ, Япон, БНХАУ зэрэг Азийн улс орнуудын сайн туршлагыг эх орондоо нэвтрүүлэхээр маш их судалгаа хийсэн. Үүнийгээ ашиглаад Монголын Бие Бялдар Спортын Шинжлэх Ухааны Институтийг байгууллаа.
Улс оронд ямар нэгэн байдлаар ялгаатай байдал, ондоошил, Монгол хүн спортод амжилт гаргахад нөлөөлөх шинжлэх ухааны бодлого хэрэгтэй юм байна гэдгийг мэдэрсэн учраас энэ институтийг байгуулж байна" гэв.
"Монголд бэлтгэгдэж буй тамирчид өмнө нь ганцаараа бүхнийг туулдаг байсан. Харин одоо багаараа ажиллах боломжтой боллоо"
Хэвлэлийн хуралд тив дэлхийд амжилт үзүүлсэн олон тамирчид оролцсон юм. Тухайлбал Хөдөлмөрийн баатар М.Анхцэцэг, паралимпын аварга У.Сүрэнжав, гавьяат тамирчин Ё.Басхүү, улсын харцага Н.Золбоо, ДАШТ-ий хүрэл медальт жүдоч К.Ёолк, холимог тулаанч Д.Батгэрэл, "Papa Coach" боксын клубийн дасгалжуулагч Н.Шинэбаяр нар тамирчдаа төлөөлөн оролцов.
Холимог тулаанч Д.Батгэрэл "Монголд бэлтгэгдэж буй мэргэжлийн тамирчдын хувьд олон саад бэрхшээлтэй тулгардаг. Баг хамт олон байдаггүй учраас амжилт үзүүлэхийн тулд ганцаараа бүхнийг туулах хэрэгтэй болдог. Харин гадаадад нэг тамирчны ард бүтэн баг ажиллаж байдаг. Үүнийг хараад Монголдоо ч гэсэн ийм болоосой гэж маш их хүсдэг байлаа.
Монголд ийм институт байгуулагдсанаар цаашид манай тамирчдын амжилт үзүүлэх замыг хөнгөлнө. Цаашид хамтран ажиллах болсондоо таатай байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
