1980-аад оны үед интернэтийн хөгжил дөнгөж эхэлж байхад дэлхийн улс орнууд тус тусын хоёр үсэгтэй домэйн нэртэй болцгоосон юм.
Тэгвэл Карибын тэнгисийн бяцхан арал улс Ангилья тэр үед авсан домэйн нэрийнхээ ачаар өнөөдөр орлогын шинэ эх үүсвэртэй болжээ.
Их Британийн хилийн чанад дахь газар нутагт тооцогддог Ангилья улсын домэйн нэр “ai” юм.
Энэ нь хиймэл оюун буюу “artificial intelligence” гэсэн үгийн товчлолтой давхацдаг.
Сүүлийн жилүүдэд хиймэл оюуны технологи үсрэнгүй хөгжиж эхэлсэн нь Ангилья улсын хувьд томоохон аз завшаан болж байна.
Энэ оны эхээр АНУ-ын технологийн салбарын бизнесмэн Дармеш Шах “you.ai” вэб хаягийг авахын тулд Ангилья улсад $700,000-ыг төлжээ.
Ирээдүйд хүмүүс өөрийнхөө хиймэл оюунтай дижитал хувилбарыг үүсгэдэг болох магадлалтай тул уг хаягт их мөнгө хаяснаа тэр тайлбарлаж байв.
Энэ мэтээр сүүлийн таван жилийн хугацаанд “.ai” төгсгөлтэй вэб хаягийн тоо арав гаруй дахин нэмэгдэж, зөвхөн сүүлийн 12 сарын дотор хоёр дахин нэмэгджээ.
Ердөө 16,000 орчим хүн амтай Ангилья арлын хувьд энэ нь эдийн засгийн том боломж юм.
Карибын тэнгисийн бусад арал улсуудын нэгэн адил Ангильягийн орлогын гол эх үүсвэр аялал жуулчлалын салбар болдог.
Өнгөрсөн онд тус улсад 111,639 жуулчин ирсэн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ.
Гэхдээ Ангильягийн аялал жуулчлал жил бүрийн намар тохиодог хар салхины улирлаас ихээхэн хамааралтай байдаг.
Карибын нум хэлбэрээр тогтсон арлуудын зүүн хойд хэсэгт оршдог Ангилья нь Умард Атлантын далайн хар салхины бүсэд багтдаг.
Тиймээс байгалийн хүчин зүйлээс үүдэлтэй аялал жуулчлалын салбарын эрсдэлийг домэйн нэрийн худалдаа нөхөх ач холбогдолтой юм.
2024 онд тус улс домэйн нэрийн борлуулалтаас $39 саятай тэнцэх орлого олсон байна.
Энэ нь тус улсын жилийн нийт орлогын бараг 23 хувь юм. Харьцуулбал аялал жуулчлалын салбар 37 хувийг эзэлдэг байна.
2020 онд “ai” домэйнтэй вэб хаягийн тоо 50,000 байсан бол одоо 850,000 гаруйд хүрчээ.
Ангильягийн эрх баригчид домэйн нэрийн борлуулалтын орлого ойрын жилүүдэд үргэлжлэн өснө гэж тооцоолж байна.
Их Британийн захиргаанд оршдог ч Антилья арал нь өөртөө засах эрхтэй, дотоод асуудлаа бүрэн бие дааж шийддэг.
Арлын аюулгүй байдлыг Их Британи хангаж, хямрал тохиолдвол санхүүгийн тусламж үзүүлдэг юм.
Тухайлбал 2017 онд Ирма хар салхи тус аралд ихээхэн хохирол учруулахад Их Британи улсын засгийн газар сэргээн босголтод нь зориулан таван жилийн хугацаанд жил бүр 60 сая фунт стерлингийн тусламж үзүүлж байжээ.
“ai” домэйн нэрийн бүртгэлийн хураамж $150-$200 орчим байдаг бөгөөд хоёр жил тутамд ойролцоо үнээр сунгадаг.
Гэхдээ зарим онцгой нэрийг үнэ хаялцуулах худалдахад олон зуун мянган долларын үнэ хүрдэг байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!