"Наадмын нээлтийн үзүүлбэрт ашигласан тэрэгний дугуй нь гэрийн тоонотой ямар ч холбоогүй" гэв

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 7 сарын 12
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний баяр наадмын нээлтийн үзүүлбэрт гэрийн тооноор тэрэгний дугуй хийсэн гэх шүүмжлэл олон нийтийн дунд өрнөөд буй. Тэгвэл наадмын нээлтийн ерөнхий зураачаар ажилласан Т.Ганхуяг сошиалаар дамжуулан дараах тайлбарыг хийжээ. 

Тэрбээр "Тооно гэж ойлгоод байгаа тэрэгний дугуйны талаар хэдэн тайлбар хэлье

  1. Тэрэгний дугуй нь гэрийн тоонотой ямар ч холбоо байхгүй. Монголчуудын хамгийн өргөн хэрэглэгддэг үхэр тэрэг дотроо 4 янз байдаг. Суман тэрэг, чагтан тэрэг, нуухан тэрэг орчин цагийн нийлэг дугуйтай тэрэг гэж хуваан үздэг. Тус наадмын үзүүлбэрт хэрэглэгдэж байгаа тэрэг бол чагтан тэрэг юм. Орчин үед ч Архангай, Өвөрхангай аймгуудад хэрэглэсээр байгаа чагтан тэрэг нь бул, мөөр, хэгээс, шаантаг, арал хэсгээс бүрддэг. Үхэр тэрэгний дугуйг илэрхийлэх хамгийн гол онцлог бол бул болон чагтан хэгээстэй холбогдох шаантаг байдаг. Тэргийг бат бөх, удаан эдэлгээтэй болгох чухал хэсэг бол шаантаг бөгөөд хэрвээ шаантаг хийгээгүй бол тооно гэх мэт өөр сэтгэгдэл төрүүлж болох юм. Үзүүлбэрт ашиглагдсан тэрэгний дугуй шаантагтай хийгдсэн. Ийм учраас тооно гэж үзэж байгаа нь ердөө дугуй хэлбэрээс болж гарсан андуурал юм.
  2. Нээлтийн үзүүлбэр дунд Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгээр монголчууд бидний өргөн уудам нутаг, дөрвөн улирал, нүүдэлчний амьдралын онцлог, 21 аймгийг 21 тэргээр дүрслэн үзүүлсэн бөгөөд үүнийг дэмжсэн жүжигчилсэн үзүүлбэрийн нэг хэсэг нь энэхүү чагтан тэрэг юм.
  3. Монголчуудын хэрэглэдэг тооно бол тэрэгний дугуйнаас өөр бүтэцтэй юм. Тооно нь эртнээсээ эдүгээг хүртэл хадгалсаар ирсэн өөрийн гэсэн хэлбэр загвартай бөгөөд чагтан хигээсний хэлбэртэй тооно огт байдаггүй. Чагтан тэрэгний дугуй болон гэрийн тооно хоёрын ялгааг доорх зургаас харьцуулан харахад ойлгомжтой болох болов уу.
  4. Үндэсний их баяр наадмын нээлтийн үзүүлбэрт Монголчуудын таван өнгөний бэлгэдлийг тусган харуулсан бөгөөд олны хэсгийн хувцсыг хормын дотор солигдох гурван өнгийн дээл (хөх, шар, улаан) бусад олны хэсгийг ихэвчлэн цагаан, ногоон өнгийн шийдлээр хийсэн юм. Энэ дагуу тайз, декораци, жижиг хэрэглэлүүдийг ч таван өнгөнд уусган, түүний дотор чагтан тэрэгний хэсгүүдийг таван өнгөөр будаж, онцолсон юм. Ингэхдээ дугуйг улаанаар нь будсан нь тоонотой андуурах нөхцөл үүсгэсэн бололтой. Гэвч анхааралтай харвал дугуй, тооно хоёр тэс ондоо зүйл, дүрслэгдэхүүн гэдэг нь харагдана.
  5. Энэхүү үзүүлбэрт монголчуудын уламжлалт гэр тэргийг дүрсэлсэн болно. Гэр тэрэг гэдэг нь гэр болгон барих боломжтой, мөн тэрэг болгон ашиглах боломжтой монголын эртний инженерчлэлийн нэгэн гайхамшиг учраас наадмын нээлтийн нэг хэсэг болгохыг хичээсэн болно.
  6. Тулганы гал бадраах ёслолыг Үндэсний их баяр наадамд оруулах санаачилгыг анх 2016 онд миний бие гарган хэрэгжүүлсэн. Энэ жилийн тулганы гал бадраах ёслолд хэд хэдэн утга санаа, дүрслэгдэхүүн нэмсний нэг нь тэнгэрийн орноос галыг хүн төрөлхтөнд авчирсан хэмээн монгол домог зүйд үздэг алтан хараацай шувуу юм. Тиймээс төрийн тулгыг алтан хараацайн нуруун дээр асаахаар зохиомжилсон. Тулгыг морьтон баатрууд шонхор шувууны дүртэй ташуурыг өртөөчлөн авч ирж асаасан. Энэ нь монголчууд бид ёс заншил, нандин шүтээнээ үеэс үе, үрээс үрд уламжлан хадгалж, эдүгээ цагт авч ирж чадсаныг харуулсан ёслол юм.

Эцэст нь хэлэхэд, зураач хүн ямарваа уран бүтээлийг хийхдээ, ялангуяа төрийн наадмын нээлтийн зураачаар ажиллахад түүхийн судалгаанд тулгуурлаж, өөрсдийн уран сэтгэмжээ шингээн, бэлэн болсон бүтээлдээ мэргэжлийн зөвлөхүүдийн хяналт, санааг тусган бүтээдэг. Өргөн орон зайд олон төрлийн дүрслэгдэхүүн, бүтээл хийж, үйлдвэрлэл явуулдаг учраас хүмүүст янз бүрээр ойлгогдох, сэтгэл хөдлөлийн үүднээс тайлбарлах нөхцөл гарах нь ойлгомжтой. Гэхдээ Үндэсний их баяр наадмын ямар ч дүрслэлд санамсаргүй, сэтгэл хөдлөлөөр хандсан зүйл байдаггүй гэдгийг хариуцлагатай хэлэхийг хүсэж байна" гэжээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
258
Зураг
БУРУУ
213
Зураг
ТЭНЭГЛЭЛ
25
Зураг
ХАХА
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа