Аварга том астероид 2032 онд саран дээр унавал үүссэн хэлтэрхийнүүд нь дэлхий рүү цацагдах ч хүн төрөлхтөнд аюул учруулахгүй, харин “солирын бороо” ажиглагдах магадлалтайг судлаачид тооцоолжээ.
Энэ оны эхээр астрономичид 2024 YR4 нэртэй астероидын хөдөлгөөнийг тооцоолоод дэлхийд унах магадлалыг нь 3 хувь гэж дүгнэж байв.
53-67 метр орчим өргөн хэмжээтэй энэ биетийн дэлхийд унах магадлал сүүлдээ 0.0017 хувь болон багасаж, харин дэлхийн дагуул саран дээр унах магадлал 4.3 хувь болж өссөн байна.
Канадын судлаачид 2024 YR4 астероид саран дээр унасан тохиолдолд ямар үзэгдэл болохыг компьютер загварчлалын аргаар харуулжээ.
Тухайлбал энэ уналтын улмаас сарны гадаргуу дээр нэг километр орчим диаметртэй тогоо үүсэж, үүнээс үүссэн олон сая килограмм хэлтэрхийнүүд сарны тойрог замаас гарч, дэлхийг чиглэх гэнэ.
“Хэрвээ 2024 YR4 астероид 2032 онд саран дээр унавал энэ нь ойролцоогоор сүүлийн 5,000 орчим жилийн түүхэнд гарсан хамгийн том нөлөөлөл болно. Үүний үр дагавар хүмүүст солирын бороо болж ажиглагдах магадлалтай” гэж дээрх судалгааны тайланд бичжээ.
Сарнаас үүссэн хэлтэрхийнүүд миллиметрээс эхлээд сантиметр хүртэл хэмжээтэй байх тул дэлхийн агаар мандалд шатаж устах юм байна.
Гэхдээ зарим хэсэг нь агаар мандалд орж ирэлгүй дэлхийн тойрог замд үлдвэл хиймэл дагуулууд, сансрын хөлгүүдэд аюул учруулж болзошгүй ажээ.
Сарны гадаргууд үзүүлэх нөлөөг “ялгарах энергийн хэмжээгээр нь тооцвол цөмийн томоохон дэлбэрэлттэй адил” байхыг судалгааг ахалсан Баруун Онтариогийн Их сургуулийн профессор Пол Вигерт хэвлэлд ярьсан байна.
АНУ-ын сансар судлалын агентлаг NASA одоогоор дэлхийн ойр орчимд тэнүүчилж буй сансрын биетүүдийн хөдөлгөөнийг байнга хянаж байдаг.
2022 онд тус байгууллага дэлхий рүү чиглэсэн сансрын биетийг мөргөж, хөдөлгөөнийх нь чиглэлийг өөрчлөх туршилтыг амжилттай гүйцэтгэсэн юм.
Энэ туршилтаар NASA-гийн илгээсэн Dart (Double Asteroid Redirection Test) хөлөг дэлхийгээс алс хол зайд байрлаж байсан Dimorphos нэртэй сансрын жижиг биетийг мөргөж байв.
2024 YR4 астероид яг одоо дэлхийгээс алс хол зайд нарыг тойрон эргэж байгаа тул ажиглах боломжгүй байгаа гэнэ. 2028 онд дэлхийд ойрхон өнгөрөх бөгөөд энэ үеэр судлаачид тооцооллоо шинэчилж, эрсдэлийг нь үнэлэх юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!