Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын зэвсэгт хүчин Иран улсын цөмийн байгууламжуудад амжилттай довтолсныг зарлалаа.
Ажиллагаа тун амжилттай болж, Ираны цөмийн хөтөлбөрийн гол байгууламж Фордо дээр асар хүчтэй бөмбөг хаясныг тэр мэдэгдсэн байна.
Ираны төрийн төв хэвлэл Фордо дайсны халдлагад өртсөн талаар бас мэдээлжээ.
Өмнө нь Фордо байгууламжийг устгах чадвартай B-2 бөмбөгдөгч онгоцнуудыг АНУ өөрийн эх газраас Номхон далайн Гуам аралд шилжүүлсэн тухай мэдээ цацагдаад байсан юм.
Трампын мэдэгдлээс өмнө Истанбул хотод Туркийн ерөнхийлөгчтэй уулзахаар очсон Ираны гадаад хэргийн сайд хэрвээ Израиль-Ираны мөргөлдөөнд АНУ оролцвол “маш аюултай” нөхцөл байдал үүсэхийг анхааруулж байв.
Трампын мэдэгдэл товч бөгөөд тодорхой байлаа.
Тэрбээр Тегераны дэглэмд хэлэлцээний ширээний ард суух, эсвэл илүү хүчтэй цохилт амсах хоёр нөхцөлийг тулгасан байна.
“Хэрвээ тэд татгалзвал дараагийн цохилтууд хол илүү хүчтэй байх болно. Нэг бол энх тайван, үгүй бол сүүлийн найман өдөр үзсэнээс илүү эмгэнэлт зүйл Иранд тохиолдох болно” гэж Трамп мэдэгджээ.
Дараагийн алхмаа маш хурдан хийх боломжтойг тэр анхааруулсан байна.
Дөрөвхөн минут үргэлжилсэн мэдэгдлийнхээ үеэр Трамп бас Израилийн аюул заналыг устгахад “баг” болж ажилласан ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуд баяр хүргэжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!