Өчигдөр АНУ-ын төрийн департамент гадаадын оюутнуудад виз олгохдоо яаж ажиллах талаар шинэ удирдамжийг хилийн чанад дахь элчин сайдын яамд, консулын газрууддаа тараасан байна.
Шинэ журмаар виз хүсэгч нь өөрийн хувийн сошиал хуудсанд хандах бүрэн эрхийг консулын газрын ажилтанд нээж өгч, шалгуулах үүрэгтэй болжээ.
Хэрвээ ингэхээс татгалзвал консулын ажилтнаас сошиал орчны үйл ажиллагаагаа нуух ямар нэг шалтгаан байна гэж үзэх үндэслэл болох юм байна.
Хилийн чанад дахь АНУ-ын дипломат ажилтнууд виз хүсэгчийн сошиал хэрэглээг нягтлан шалгахдаа “АНУ-ын үүсэн байгуулагдсан суурь зарчим, ард иргэд, соёл, засаг захиргаа, төрийн байгууллагуудад дайсагнасан ямар нэг шинж тэмдэг” байгаа эсэхэд анхаарал хандуулахаар болжээ.
Тухайлбал “Гадаадын террористуудыг болон АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн аливаа үйлдлийг, антисемитист үзлийг дэмжих, туслах, сурталчлах үйлдэл гаргаж байсан” эсэхийг шалгах юм байна.
Шинэ журам нь оюутнуудад, бас эрдэм шинжилгээний болон мэргэжлийн боловсрол, соёлын солилцооны F, M, J ангиллын виз хүсэгчдэд үйлчлэхээр болжээ.
“Шалгалтын ажлыг хөнгөвчлөхийн тулд F, M, J ангиллын цагаачлалын бус виз хүсэгчдээс сошиал сүлжээний бүх профайлынхаа нууцлалын тохиргоог “public” болгож өөрчлөхийг хүсэх болно” гэж төрийн департаментын албаны хүн шинэ журмыг тайлбарласан байна.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!