Даваа гарагт Вьетнам улсад айлчлан ирсэн Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон онгоцноос буухынхаа өмнө эхнэртээ түлхүүлж байгааг харуулсан дүрс бичлэг сошиал ертөнцөд тараад байна.
Ханой хотын нисэх буудалд онгоцноос буухынх нь өмнөхөн хэн нэгний гар Макроны нүүр рүү түлхэж буйг энэ бичлэг харуулсан юм. Удалгүй түлхсэн хүн нь Макроны гэргий Брижит болох нь тодорхой болсон байна.
Ханой хотод сэтгүүлчидтэй уулзахдаа Макрон үүнийг “бидний хооронд байнга болдог тоглоом наргиа төдий зүйл байсан” гэж тайлбарлажээ.
Элисейн ордны төлөөлөгч “Энэ бол тэдний хэсэгхэн зуурын дотносолт байсан. Гэхдээ хуйвалдааны онолчдыг тэжээхэд хангалттай зүйл байлаа” гэж Францын сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Элисейн өөр нэг албаны эх сурвалж энэ талаар “ерөнхийлөгч албан ёсны арга хэмжээнүүдийн өмнө эхнэртэйгээ тоглож, наргих дуртай. Эхнэр нь үргэлж иймэрхүү байдлаар хариу үйлдэл үзүүлдэг” гэж тайлбарлажээ.
Макрон өчигдрийн явдлыг тайлбарлахдаа өмнөх хэл ам дагуулсан дүрс бичлэгүүдийнхээ талаар давхар дурдсан юм.
“Өмнө нь хүмүүс намайг кокаин хэрэглэсэн, Туркийн ерөнхийлөгчтэй муудалцсан гэж цуурч байсан бол одоо намайг эхнэртэйгээ маргаантай байгаа гэж бодож байна. Эдгээрийн аль нь ч үнэн биш. Бүгд тайвшрах хэрэгтэй” гэж тэр хэлжээ.
Энэ сарын эхээр Германы канцлер, Их Британи, Польшийн ерөнхий сайд нартай цуг Киевт айлчлахдаа Макроны галт тэргэнд кокаин хэрэглэж буйг харуулсан гэх дүрс бичлэгийг Оросын суртал нэвтрүүлэгчид, Өрнөдийн хуйвалдааны онолчид тарааж байв.
Гэхдээ энэ нь Макроны гарт байсан базсан (салфетка) цаасыг ууттай кокаин мэт харагдуулсан нь сүүлд тодорхой болсон юм.
Сүүлийн бичлэгийн талаар Оросын суртал нэвтрүүлэгчид бас чимээгүй өнгөрөөгүй байна.
“Тэргүүн хатагтай нөхрийнхөө хацрыг зөөлөн алгадаж баярлуулах гэсэн ч хүч чадлаа буруу тооцоолов уу? Цамцны захыг нь засаж өгөх гээд нүүрэнд нь хүрчхэв үү? Эсвэл энэ гар Кремлийн гар байж магадгүй юм” гэж ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова сошиал хуудсандаа даажигнан бичжээ.
Хуучин колони нь байсан Вьетнам улсад Францын ерөнхийлөгч сүүлийн арав орчим жилийн хугацаанд анх удаа айлчилж байна.
Макроны айлчлалын үеэр хоёр улс Airbus нисэх онгоц нийлүүлэх, батлан хамгаалах, эрчим хүчний салбарт хамтран ажиллах зэрэг нийт 9 тэрбум еврогийн дүнтэй гэрээ байгуулж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
127 СЭТГЭГДЭЛТЭЙ
|