2025 оны тавдугаар сарын 24-ний Бямба гарагт болох "Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлтэд оролцогчдод эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар албаны хүн мэдээлэл өгөв.
НЭМГ-ын Эрүүл мэндийг дэмжих, халдварт бус өвчний хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Улаанбаатар марафон олон улсын гүйлтэд НЭМГ-аас эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх суурин зургаан баг болон явуулын дөрвөн баг буюу нийт 10 баг ажиллана.
Мөн хоолны хордлогот халдвараас урьдчилан сэргийлж, хяналт тавихаар 11 улсын байцаагч ажиллахаар бэлтгэл ажлыг хангаад байна” гэлээ.
- Бүтэн марафон нь 42,190 метр, хагас марафон нь 21,095 метр тул зөвхөн энэ гүйлтээр хичээллэдэг хүмүүс тухайн зайд уралдвал зохино.
- Зүрх судас, уушгины архаг өвчтэй болон халуурах, бөөлжих, шингэн алдах, даралт ихсэх, цээж хөндийрөх зэрэг зовуурьтай, жингийн илүүдэлтэй, жингийн дутагдалтай, өндөр настан болон 18-аас доош насныхан эрүүл мэндийн талаас гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор холын зайд гүйхгүй байх.
- Эрсдэл үүсэхээс сэргийлэх зорилгоор спортын болон өрхийн эрүүл мэндийн эмчээс зөвлөгөө авах.
- Марафон гүйлтийн өмнөх өдөр сайн унтаж амрах.
- Махан хоол хүнсний ногоог аль болох бага хэрэглэх.
- Хөнгөн, нүүрс ус, илчлэг ихтэй хоолыг түлхүү хэрэглэх.
- 48 цагийн өмнөөс усыг бага багаар уух.
- Марафоны өмнөх өдөр архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх.
- Цаг агаарын нөхцөлтэй уялдуулж хувцсаа сонгох.
- Хөлс сайн нэвтрүүлэх материалтай зориулалтын хувцас өмсөх хэрэгтэй гэж зөвлөв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!