Бямба гарагт Европын орнуудын удирдагчид Киев хотод айлчлахдаа эхлүүлсэн дайнаа зогсоохыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинээс шаардаж, саналыг нь хүлээж авахгүй бол нэмэлт хориг арга хэмжээгээр шийтгэхээ анхааруулсан юм.
Үүний дараа Украины талтай дундын зуучлалгүй шууд яриа хэлэлцээ эхлүүлэх саналыг Путин гаргасан байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү саналыг хүлээж авахыг Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийд уриалжээ.
“Тэд хоорондоо уулзвал ядаж яриа хэлэлцээ эхлүүлэх боломжтой эсэхийг мэдэх боломжтой болно. Хэрвээ үгүй бол Европын удирдагчид болон АНУ хэн ямар байр суурьтай байгааг мэдсэний үндсэн дээр зохих арга хэмжээг авах болно. Одоо уулзах хэрэгтэй!” гэж Трамп сошиал хуудсандаа бичсэн юм.
Үүний хариуд Украины ерөнхийлөгч Зеленский энэ долоо хоногийн Пүрэв гарагт Истанбул хотод биечлэн уулзах саналыг Путинд тавьжээ.
Ингэхдээ Даваа гарагаас эхлэн 30 хоногийн хугацаанд гал зогсоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
“Бид маргаашаас эхлэн урт хугацаанд бүрэн гал зогсоох хүсэлтэй байна. Ингэвэл дипломат шугамаар харилцахад шаардлагатай суурь нөхцөл бий болно” гэж Зеленский сошиал хуудсаараа мэдэгджээ.
“Аллагыг сунжруулах нь утгагүй. Би Путинийг Пүрэв гарагт Турк улсад хүлээж байх болно. Өөрийн биеэр” гэж тэр цааш нь бичсэн байна.
Бямба гарагийн орой Путин яриа хэлэлцээ эхлүүлэх санал гаргахдаа энэ уулзалтын үр дүнд Орос, Украины талууд гал зогсоох тохиролцоонд хүрэх боломжийг үгүйсгэхгүй байгаагаа илэрхийлсэн юм.
Гэхдээ Киев болон Европын удирдагчдын дэвшүүлсэн 30 хоногийн гал зогсоох саналын талаар дурдаагүй байна.
Хамгийн сүүлд Орос, Украины талууд 2022 оны гуравдугаар сард буюу дайн эхэлснээс хойш хэдхэн хоногийн дараа Истанбулд уулзаж байсан юм.
Үүнээс хойш гурван жил гаруйн дараа талууд дахин уулзахаар болж байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
228 СЭТГЭГДЭЛТЭЙ
|