Сугар гарагт газардахаар хагас зууны өмнө дэлхийгээс хөөрч байсан Зөвлөлтийн үеийн сансрын хөлөг өчигдөр буюу Бямба гарагт агаар мандалд орж ирээд Энэтхэгийн далайд унасан байна.
Хагас тонн жинтэй уг металл дэлхийд унасныг Оросын болон Европын сансрын агентлагууд баталжээ. Харин Энэтхэгийн далайн яг хаана унасныг судлаачид баттай хэлж чадахгүй байна.
Судлаачдын зарим нь уг металл агаар мандалд шатаж дуусах тул дэлхийд унах зүйл үлдэхгүй гэж үзэж байв.
Харин зарим нь нарны аймгийн хамгийн халуун гараг болох Сугарт буухаар бүтээгдсэн халууныг тэсвэрлэх өндөр чадвартай тул зарим хэсэг нь дэлхийд унана гэж үзэж байлаа.
Гэхдээ уг үлдэгдэл нь дэлхийд унахдаа хүмүүст аюул учруулах магадлалыг маш бага гэж тооцоолж байв.
1972 онд Зөвлөлт Холбоот Улсын хөөргөсөн Космос 482 хөлөг Сугар гарагт газардах төлөвлөгөөтэй байсан ч гэмтлийн улмаас дэлхийн тойрог замаас гарч чадаагүй юм.
Өнгөрсөн 53 жилийн хугацаанд дэлхийг тойрон эргэхдээ өндөр нь алгуур буурсаар байжээ.
Хөлгийн ихэнх хэсэг хөөргөснөөс хойш арван жилийн дотор дэлхийн агаар мандалд шатаж устсан юм.
Харин нэг метр орчим диаметртэй, бөмбөрцөг хэлбэртэй капсул үлдсэн нь одоо л унаж байна.
НҮБ-ын гэрээний дагуу хөлгөөс үлдсэн ямар ч хэсэг ОХУ-ын эзэмшилд шилжих юм.
Удаан хүлээсэн үйл явдлыг ажиглаж чадалгүй өнгөрсөндөө судлаачдын зарим нь харамсаж байна.
“Хэрвээ хөлгийн үлдэгдэл Энэтхэгийн далайд унасан бол зөвхөн халимууд л харсан байх” гэж Нидерландын судлаач Марко Ланбрук сошиал хуудсандаа бичжээ.
Сар бүр дэлхийн агаар мандалд орж ирдэг олон арван сансрын хог хаягдлыг хянадаг АНУ-ын НАСА цуглуулсан мэдээллээ боловсруулж дууссаны дараа зарим зүйл тодорхой болох юм байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!