Улс орондоо цэргийн дэглэм тогтоох гэж оролдоод албан тушаалаасаа огцорсон Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт албан өргөөнөөсөө хувийн орон сууцанд шилжин суурьшсан билээ.
Ингэхдээ тэр гэргийн хамт тэжээдэг 11 нохой, муураа авч явсан юм.
Харин Юн Сүк Ёлд гадаадын төрийн тэргүүний бэлэглэж байсан өөр хоёр нохой Сөүлийн амьтны хүрээлэнд үлдэхээр болсныг тус улсын ерөнхийлөгчийн архивын алба Баасан гарагт мэдээлжээ.
Эдгээр нь Туркменистаны ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын түүнд бэлэглэсэн Төв Азийн хоточ үүлдрийн ноход юм байна.
Бас Туркмен Алабай гэж нэрлэдэг энэ үүлдрийн хоёр гөлгийг 2024 оны зургаадугаар сард Юн Сүк Ёлыг тус улсад айлчлах үеэр бэлэглэж байжээ.
Ийм нохой нас биед хүрэх үедээ 100 кг жинтэй болдог байна.
Нохдыг эхлээд Сөүлийн Ёнсан дүүрэг дэх ерөнхийлөгчийн өргөөнд таван сар байлгасны дараа 2024 оны арваннэгдүгээр сард Сөүл Гранд Парк амьтны хүрээлэнд шилжүүлж байжээ.
Тэдгээрийн биеийн хэмжээ, аюулгүй байдлыг бодолцон ийм арга хэмжээ авснаа ерөнхийлөгчийн тамгын газар мэдээлж байв.
Харин Юн Сүк Ёлыг албан өргөөнөөсөө нүүхэд “Happy”, “Joy” нэртэй хоёр нохойг мөн л нийтийн орон сууцанд тэжээх боломжгүй гэсэн үндэслэлээр амьтны хүрээлэнд үргэлжлүүлэн үлдээхээр болжээ.
Экс ерөнхийлөгч Юн Сүк Ёл, түүний гэргий Ким Кон Хи нар амьтанд хайртай хүмүүс гэдгээрээ алдартай.
Түүний засаглалын үед Өмнөд Солонгост нохойн махыг хүнсэнд хэрэглэх явдлыг хориглох хууль батлагдаж байв.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
|