Бүгд Найрамдах Чех Улс болон Бүгд Найрамдах Польш Улсад ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн сард төрийн айлчлал хийсэн билээ.
Уг айлчлалын ач холбогдлын талаар Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор, Хүндэт дипломат Д.Уламбаярын бичсэн өгүүллийн үргэлжлэлийг хүргэж байна.
Эхний хэсгийг энд дарж уншина уу.
Монгол Улс, БНПУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар тус улсад Төрийн айлчлал хийв. Төрийн айлчлалын оргил үе нь мэдээж хоёр улсын ерөнхийлөгч нар Монгол Улс, БНПУ хоорондын Иж бүрэн түншлэлийн тухай Хамтарсан Тунхаглалд гарын үсэг зурсан ёслол байв. Хамтарсан Тунхаглалд: Хоёр улсын харилцааны үр дүнтэй өрнөлийг тэмдэглэн...Монгол, Польшийн эртний уламжлалт найрсаг харилцаа, хоёр улсын ард түмний олон зууны нөхөрлөлийг сайшааж, ардчилал, эрх чөлөө, эрхзүйд суурилсан олон улсын дэг журам зэрэг нийтлэг үнэт зүйлс болон түүхэн харилцаа нь өргөжин тэлж буй хоёр талын түншлэлийн үндэс суурь мөн гэдгийг онцолж, мөн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүний нийтлэг эрх зэрэг НҮБ-ын Дүрмийн үндсэн гурван тулгуур зарчим болон улс бүрийн тэгш эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, улс төрийн бие даасан байдал, улс үндэстний өөртөө засан тохинох эрх зэрэг олон улсын эрхзүйн суурь зарчмуудыг эрхэмлэх үүргээ талууд дахин нотлов.
Монгол Улс болон БНПУ даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг цогцлоох тууштай үүрэг амлалт болон хоёр улсын хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэгдсэн хамтын ажиллагааны өргөн нөөц, бололцоог онцолж, өмнөх ололт амжилт, харилцан хүндлэл, итгэлцлийг гүнзгийрүүлэх хүсэл эрмэлзэлд тулгуурлан ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс, НҮБ-ын Дүрмийн зарчмуудыг хүндэтгэх зэрэг нийтлэг үнэт зүйлд суурилсан хоёр талын харилцааны түвшинг ахиулж, Иж бүрэн түншлэлд хүргэсэн шийдвэр гаргав гэж онцлон тэмдэглэв.
Хоёр улс 1950 онд дипломат харилцаа тогтоосноос хойш нийгэм, эдийн засгийн олон салбарт хамтран ажиллаж ирсэн арвин туршлага, уламжлалдаа тулгуурлан илүү өргөн хүрээнд, тухайлбал худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хөгжлийн томоохон бүтээн байгуулалт, зам тээвэр, боловсрол, шинжлэх ухаан, геологи, уул уурхай, соёл, урлаг, байгаль орчин зэрэг салбарт харилцан ашигтай хамтран ажиллахаар тохиролцов.
Төрийн тэргүүн нар дэлхий дахинаа тулгараад буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал зэрэг сорилтыг даван туулж, шийдвэрлэх, хоёр улсын дэвшүүлсэн санаачилга, зорилтуудыг уялдуулж хэрэгжүүлэх талаар ярилцав.
Хоёр талын харилцааг тууштай хөгжүүлэн дээд түвшинд хүргэх зорилгоор “Монгол Улс, БНПУ-ын Иж бүрэн түншлэлийн үйл ажиллагааны 2025-2030 оны төлөвлөгөө”-нд монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, польшийн талаас Гадаад хэргийн дэд сайд Владислав Теофил Бартошэвски нар гарын үсэг зурснаас гадна хоёр талын хамтын ажиллагааны 10 гаруй эрхзүйн баримт бичгүүдэд гарын үсэг зурав.
Төрийн айлчлалын үеэр Western зочид буудалд зохиогдсон Монгол-Польшийн бизнес форумд хоёр орны төрийн тэргүүн нар оролцож, нээлтийн үг хэлсэн юм. БНПУ-ын Ерөнхийлөгч Анджэй Дуда Монгол Улсын дээд бүтцийн томоохон бүтээн байгуулалт, мега төсөл, Шинэ Хархорин, Улаанбаатар хотын нийтийн тээврийн төсөлд бид оролцох сонирхолтой байна. Уламжлалт харилцааг илүү хөгжүүлж, шинэ боломжоор баяжуулан эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх боломж манай хоёр улсад бий гээд Польшид боловсрол эзэмшсэн хүний нөөц бол хоёр талын хамтын ажиллагааг урагшлуулах гол зүтгэх хүч мөн болохыг тэмдэглэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Төрийн айлчлалаар Монгол Улс, БНПУ-ын харилцааг Иж бүрэн түншлэлд хүрснийг онцолж, хоёр улсын эдийн засаг, худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа ч санасан хэмжээнд хүрэхгүй байгааг тэмдэглэж, тиймээс Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт татах бодлого хэрэгжүүлж, эрх зүйн орчныг таатай болгох, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. 1980-аад оны бүтээн байгуулалтад оролцож байсан туршлагаараа Монгол Улсын дээд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, хөрөнгө оруулж, Монголын бизнес эрхлэгчидтэй түншлэхийг уриалсан юм.
Бизнес форумд хоёр талаас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, худалдаа, үйлчилгээ, уул уурхай, ашигт малтмал, барилга, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, тээвэр ложистик зэрэг 20 орчим салбарын 180 гаруй аж ахуйн нэгж оролцож, 8 сая еврогийн үнийн дүн бүхий бизнесийн гэрээ байгуулсан нь төрийн айлчлалыг эдийн засгийн агуулгаар баяжуулсан үйл явдал болов. Бизнес форум бол эдийн засгийн дипломатын тод илрэл болдог.
Сүүлийн гурван жилд 1.5 дахин нэмэгдэж 105 сая ам.доллароор хэмжигдэж буй хоёр улсын худалдааны эргэлт цаашид өргөжиж боломж бүрдэж байна. Монгол Улс Польш руу голчлон ноос, ноолуур, арьс шир, уул уурхайн бүтээгдэхүүн экспортолж, Польшоос хүнсний бүтээгдэхүүн, машин механизм, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүн импортолж байна.
ЕХ-ны эх сурвалжаар Монгол Улсын компаниуд 2023 оны эцсийн байдлаар ЕХ-ны “Сайн засаглал, тогтвортой хөгжил” худалдааны хөнгөлөлтийн GSP+-аар 121 сая еврогийн хөнгөлөлт эдэлсний дийлэнх нь Итали, Польш, Герман, Чех улсад ногдож байна.
Социалист байгуулалтын жилүүдэд Польшийн зээл тусламжаар 1966 онд Дарханы царууц тоосго, шохойн үйлдвэр, Улаанбаатарын хөнгөн бетоны үйлдвэр, 1970 онд Хархорины дулааны цахилгаан станц, 1971 онд Улаанбаатарын мод боловсруулах комбинат, 1974 онд Улаанбаатарын спиртийн үйлдвэр, Хархорины спирт, бол бурмын үйлдвэр, 1975 онд Улаанбаатарын халиман цавууны цех, 1985 онд Чойбалсангийн царууц тоосгоны үйлдвэр, 1989 онд Улаанбаатарын нэхээсгүй эдлэлийн үйлдвэрийг тус тус барьж байгуулж ашиглалтад оруулж байсан билээ.
Соёлын дипломат ажиллагаа БНПУ-д үргэлжилсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Польш Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Польшийн Үндэсний түүхийн музей, Чингис хаан Үндэсний музейн удирдлагууд уулзаж, музей хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх, “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг ирэх жилүүдэд Варшав хотноо гаргах асуудлыг хэлэлцэж тохиролцов.
Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда гэргийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар Варшавын Үндэсний филармонийн танхимд Монголын Морин хуурын Найрал хөгжмийн хүндэтгэлийн тоглолтыг үзэж сонирхов. Хүндэтгэлийн тоглолтын үеэр Морин хуураар ХIX зууны Польшийн алдарт хөгжмийн зохиолч, гайхамшигт төгөлдөр хуурч Фредерих Шопены сонгодог аялгууг тоглосон нь үнэхээр гайхалтай байв. Дурдсан тоглолт Польш болон Европ дахь монголчууд, польшийн үзэгчдийг дахин огшуулав. Морин хуурын Найрал хөгжим нь тэргүүн зэргийн Чингис хаан одонт, Монгол Улсын соёлын элч, Монголын ард түмний түүх, соёл, уламжлалын тусгал юм гэж польшийн хэвлэлүүд онцолж байлаа.
БНПУ-д мянга гаруй монголчууд хууль ёсны дагуу сурч, ажиллаж амьдарч байгаагийн дийлэнх нь уламжлалт ардын эмнэлгийн чиглэлээр ажилладаг байна. Монголын уламжлалт ардын эмчилгээг ЕХ-ны орнуудаас Польш Улс л хүлээн зөвшөөрсөн байдаг ажээ. Польшид олон жил уламжлалт эмчилгээгээр үр бүтээлтэй ажилласан монгол иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал хүртээв.
Боловсролын дипломат ажиллагааны тухайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чехийн их, дээд сургуульд суралцаж байгаа 30 гаруй оюутнуудтай уулзах үед эдгээр оюутнууд хоёр улсын харилцааны түүхэн уламжлалыг шинэ цаг үед амжилттай үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх БНПУ-д төрийн айлчлал хийх үеэрээ тус улсад “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцаж буй 100 гаруй оюутнуудын төлөөлөлтэй уулзаж, эх орон, ард түмнийхээ итгэл, найдварыг тээж, хичээл номдоо шамдан, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг хүсэн ерөөж, оюутан залуусыг эх орныхоо ирээдүйг авч явах манлайлагчид болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа мөн илэрхийлсэн юм.
Нэгэн зүйл: БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн Монгол Улсад Төрийн айлчлал хийх үеэр Монгол, Польшын Архивын удирдах газрын дарга нар 2023 оны дөрөвдүгээр сарын 25-нд Хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан нь цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх эрхзүйн боломжийг олгожээ. Польшын Төрийн архивын удирдах газрын дарга Павел Петшык Алтан Ордны улсын хаан Тохтамышээс тухайн үеийн Польшийн хаан Литвийн хунтайж Владислав Ягеллод бичсэн захидлын хуулбарыг Архивын Ерөнхий газрын дарга С.Энхбаатарт гардуулсан юм. Дурдсан баримтын уг эх нь БНПУ-ын Эртний түүхийн баримтын архивт хадгалагдаж байгаа ажээ. Алтан Ордны Тохтамыш хаан 1342-1406 онд амьдарч, 1380-1395 онд төр барьж байх цаг дор Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн Алтан Орд Улсын задралыг зогсоож Хөх орд, Цагаан ордыг нэгтгэсэн бөгөөд Чингис хааны ууган хүү Зүчи ханы хөвгүүн Тугатөмөрийн дөрөвдэх үеийн ач Туй Хожагийн хөвгүүн ажгуу. 1376 онд өөрийн авга ах Урусыг насан эцэслэсний дараа 1378-1380 оны үед хаан ширээнд сууж, зургаан жилийн дотор Крымын хойгоос Литва, Польш зэрэг улсуудыг байлдан дагуулж нэгтгэн захирч байжээ.
Казанийн их сургуулийн профессор А.М. Ковалевский (1800-1878), түүхч Н.К. Казем-Беку (1802-1870) нар дээрх захидлын судалгааг хийж дуусгаад 1850 онд “Алтан Ордны хаан Тохтамышаас Польшийн хаан Ягеллод 1392-1393 онд бичсэн захидал” бүтээлд нийтлүүлсэн нь тус захидлыг шинжлэх ухааны судалгааны эргэлтэд оруулсан анхны тохиолдол болжээ.
Захидалд Алтан Ордны Тохтамыш хаанаас илгээсэн элч төлөөлөгчдийн нэрсийг дурдаж, тухайн үед явуулсан дайн тулаан, харьяа улс, аймгуудаас хааны эрдэнэсийн санд алба гувчуур залгуулах, хоёр улсын худалдаачид уулзах тухай өгүүлжээ.
Нэгэн зүйл: 1915 онд Оросын түүхч, судлаач И.М.Майский Монголд шинжилгээний ангийг ахалж ажиллаж байх үед хийсэн хүн амын тооллогын баримт материалууд БНПУ-ын Краков хотын ШУА-ийн Архив болон Санкт-Петербургь Москвад хадгалагдаж байгаа юм. Польшийн монголч эрдэмтэн В.Л.Котвич шинжилгээний ангийн бүрэлдэхүүнд ажиллаж байх цаг дор тэрхүү судалгааны баритмт сэлтийн дийлэнх хэсгийг Польш руу авч явсан гэж үздэг. Тус тооллого нь өнөөгийн байдлаар ХХ зуунд Монгол Улсад хийгдсэн анхны хүн амын тооллогын үнэ цэнэтэй баримт сэлт болж байгаа бөгөөд 7,800 гаруй орчим хуудас бүхий сайхь баримтын дижитал хуулбарыг Анджей Дудагийн айлчлалын дараахан дээр тэмдэглэсэн Архивын газруудын хамтын ажиллагааны эрхзүйн баримт бичгийн дагуу Монголын талд шилжүүлжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНПУ-д Төрийн айлчлал хийхийн өмнө Монголын холбогдох байгууллагууд дурдсан баримтыг 9 боть болгон хэвлэн гаргажээ. 1915 оны хүн амын тооллогын судалгаанд өрхийн гишүүн бүрийн овог, нэр, ургийн овог (бүрэн бус), нас, хүйс, лам эсэх, гадна хошуунаас ирсэн эсэх, бичиг үсгийн мэдлэг, хүн амын нийгмийн давхаргын байдал, орлого, зарлагын мэдээлэл, намаржаа, хаваржаа, өвөлжөө, зуслангийн нүүдлийн газар, жилдээ авдаг өвс, тариалангийн хэмжээ зэргийг тэмдэглэсэн байдаг байна. Тухайн үед хүн амын тооллогоор монголчууд 542.5 мянга, хятадууд 100 мянга, оросууд 5 мянга орчим гэж тооцож, нийт хүн амын тоо 647.5 мянга байсан гэж өнөөг хүртэл албан ёсоор үзэж ирсэн байдаг ажээ.
Нэгэнзүйл: Нэгэн зүйл. Монголын Илхаадаас Өрнө дахины хаадад илгээж байсан захидал бичгүүд дотроос Өлзийт хааны захидал агуулгаараа онц сонирхолтой байдаг. Эл захидлыг Илхан Өлзийт 1305 оны эхээр Францын хаан гоо Филиппт илгээсэн ажээ. Захидалд өгүүлэхдээ: «Эдүгээ, бидэнтэй ч та бүхэнтэй ч үл найрамдах этгээдтэй бид тэнгэрийн хүчин дор бүгдээрээ хамсран тэмцэхийг тэнгэр мэдтүгэй» гэжээ.
«Харин эдүгээ Тэнгэрийн ивээлээр ах дүү бид бүгд зохилдож наран ургах Нанхиадуудын газраас Тагу тэнгис хүртэл (манай) улс гүрнүүд барилдаж харилцаагаа сэргээж өртөө замуудаа байгуулав...Эдүгээ манай сайн элэнц, сайн өвөг, сайн эцэг, сайн ахтай найрамдаж харилцсаныг яахин бид огоорох билээ... Олон франкуудын вангууд хамт (хоорондоо) зохилдож амуй хэмээн (бидэнд) айлтгасан билээ. Үнэнхүү зохилдохоос сайн юу байх билээ» хэмээсэн байх бөгөөд үүнийг «хуучин ертөнцийн үлэмж их орон зайд энх амгалан тогтоох» үзэл санааг монголчууд анх удаа санаачилсан болохыг Польшийн нэрт монголч эрдэмтэн В.Л.Котвич судлан ажиглаад «XIII зууны эхэн үед Монголчууд дэлхий нийтийн энхтайвны үзэл санааг анхлан санаачилсан нь» хэмээх өгүүлэл бичсэн бөгөөд үүнийг түүний мэндэлсний 90 насны ойд зориулан 1953 онд Польшийн Дорно дахины нийгэмлэгээс франц хэл дээр хэвлэн гаргажээ. Өрнөд Европт тогтсон энх амгалан байдлыг монголчууд өөрсдөө зарлан мэдээлсээр байсан байх бөгөөд найртай сайхан байхыг ихэд эрхэмлэсэн «үнэнхүү зохилдохоос сайхан юу байх билээ» хэмээсэн монгол хүний санааг илэрхийлсэн зөөлөн хүчний гайхамшигтай үзэл санаа бүхий өгүүлбэрийг дипломат жуух захидалдаа шигтгэж өгчээ. Илхан Өлзийт бээр Монголын бусад хаадтай яриангүй найрсаг байж монгол газрын дотоодод ч тэр, хилийн чанадад ч тэр тогтсоор байсан status-quo-г улам батжуулахыг чармайж байжээ гэж эрдэмтэн В.Котвич үзжээ.
Нэгэн зүйл. 1990-1992 онд Чехословак улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Элчин сайдаар ажиллаж, Монгол Улсад монгол судлалын боловсрол эзэмшсэн анхны чех хүн бол монголч эрдэмтэн, доктор, дипломатч Иржи Шима билээ. Тэрбээр 1988 оны арваннэгдүгээр сард Улсын нийтийн номын сангийн хурлын их танхимд зохион байгуулагдсан эрдмийн зэрэг хамгаалах Зөвлөлийн хуралдаанд ШУА-ийн сурвалжлагч гишүүн, шинжлэх ухааны доктор, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин Б.Лхамсүрэнгийн удирдлаган дор “Чехословацко-Монгольские отношения в 1945-1985 гг. и перспективы их развития” сэдвээр түүхийн ухааны докторын зэргийг амжилттай хамгаалсан бөгөөд тус хуралдаанд МУИС-ийн залуу багш Д.Уламбаяр миний бие оролцож байснаа тэмдэглэхэд таатай байна.
Эцэст нь дээр дурдсан төрийн хоёр айлчлалын улс төрийн ач холбогдол нь нэгд, олон жилийн найрсаг харилцааны уламжлалтай, ЕХ-ны Төв Европын хөдөлгөгч хүч болсон БНЧУ, БНПУ-тай харилцааны түвшинг геополитикийн шинэ нөхцөл байдалд Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрснийг зарлан тунхагласнаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны шинэ үе шатыг эхлүүлсэн явдал юм. Хоёрт, Хоёр талт харилцаа, хамтын ажиллагааг худалдаа-эдийн засгийн агуулгаар баяжуулж, түүнд тууштай эрч хүч өгсөн явдал болно. Гуравт, Монголын түүх, соёлын өвийг Европ дахинд таниулж, түгээн дэлгэрүүлэх үйл явцыг тууштай үргэлжлүүлсэн явдал болно. Дөрөвт, Адил үнэт зүйлтэй Монгол Улс, ЕХ-ны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлсэн айлчлал болов. Тавд, Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогыг эрхзүйн шинэ агуулгаар баяжуулсан айлчлал болов.
Чех, Польшийн нөлөө бүхийн зарим цахим хэвлэлүүдэд бичсэнээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНЧУ, БНПУ-д Төрийн айлчлал хийж буй нь ЕХ-ны гишүүн дурдсан хоёр улс нь Украины тэмцлийг тууштай дэмждэг орнууд юм. Энэ утгаараа энэхүү айлчлал нь Украины тэмцлийг бүрэн дэмжиж буйн илрэл болж байна хэмээн бичсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|