“Монгол хүн болгоныг сэтгэлийн хүчтэй болгох” сэдвээр хэт холын зайн дэлхийн аварга, гүйгч Б.Буджаргал өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Амжилттай сайн гүйхэд биеийн хүч чадлаас илүү дотоод сэтгэлийн хат чухал байдгийг тэрбээр онцолсон юм.
Энэ талаар хэлэхдээ "Миний хувьд зургаан өдөрт 904 километр гүйсэн амжилттай. Мөн 10 хоногт Улаанбаатар хотоос Ховд аймаг орох зайнд гүйж байсан.
Хамгийн холын зай нь 5,000 километрт гүйж байсан. Энэ замыг 48 хоногийн хугацаанд туулсан байдаг.
Махан биеийн хүч чадлаас илүү сэтгэлийн хат, тэнхээ маш чухал хүчин зүйл юм билээ.
Миний хувьд тийм ч их булчин шөрмөстэй хүн биш. Гар дээр суниавал та нараас ч муу. Тэгвэл гүйлтийн амжилтад юу нөлөөлөв. Энэ бол сэтгэлийн хүч.
Төмөр өргөөд байвал биеийн булчин хөгждөг шүү дээ. Түүнтэй адил гүйгээд байхаар сэтгэлийн булчин хөгждөг. Чадахгүй мэдэхгүй зүйлгүй, айх айдасгүй, зоригтой, том хүсэл мөрөөдөлтэй, өөртөө итгэлтэй, шантрахгүй байх зэрэг нь сэтгэлийн тэнхээтэй холбоотой.
Гүйлт, алхалтыг амьдралын хэвшил болговол сэтгэлийн хүчийг хөгжүүлж болно" гэлээ.
Мөн тэрбээр "Сэтгэлийн булчингаа хөгжүүлчихвэл амьдралд зовлон үгүй. Монгол хүн болгон сэтгэлийн булчинтай болоосой.
Гүйлт нь байгалийн жам ёсны хөдөлгөөн бөгөөд ямар нэгэн илүү хэрэгсэл шаардахгүй хамгийн энгийн арга. Гүйж чадахгүй байсан ч та алхаж болно. Өдөрт 1-2 цаг идэвхтэй алхдаг болчихвол сэтгэлийн булчин тань хөгжиж байдаг юм шүү.
Надад булчин шөрмөс гээд байх юм байхгүй. Гүйлтэд амжилт гаргаж буй үндэс нь сэтгэлийн булчин, сэтгэлийн тэнхээ юм. Тэгэхээр монгол хүн сэтгэлийн тэнхээгээ сэргээж, үүнийгээ таньж мэдвэл мэдэхгүй, чадахгүй юмгүй. Цэнгэлийн манлайд хүрнэ.
Хамгийн чухал сэтгэлийн хүч, сэтгэлийн хаттай байх чадвар боловсролын системд ч тэр, эцэг, эхчүүд үр хүүхдүүдээ хүмүүжүүлэх арга ухаанд ч тэр орхигддог юм байна. Тиймээс өөрийн амьдралд туулсан туршлагаас хуваалцаж, монгол хүн болгоныг сэтгэлийн хүчтэй болгох уриалгыг гаргасан" гэж ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
|