Өнгөрсөн долоо хоногт тэрбумтан Илон Маск худалдааны дайнтай холбоотой зөрчил маргааны улмаас Цагаан ордны худалдааны зөвлөх Питер Наваррог олны өмнө “эргүү тэнэг” хэмээн доромжилж байв.
Өмнө нь хэвлэлд ярихдаа Наварро түүнийг ердийн “автомашин угсрагч” тул Трампын явуулж буй гадаад худалдааны бодлогыг ойлгохгүй байгааг нь шүүмжилж байсан юм.
Дэлхийн ихэнх улс орны бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар оноох Трампын арга хэмжээний гол архитекторыг Наварро гэдэг.
Илон Маскийн хувьд энэ арга хэмжээг шүүмжилж, зарим улс оронтой импортын татвараа харилцан тэглэх шаардлагатай тухай ярьж байсан юм.
Тэгвэл Наварро өчигдөр NBC News сувгийн “Meet the Press” нэвтрүүлэгт орохдоо Масктай үүсгэсэн маргаан зөрчлийнхөө талаар ярьжээ.
“Юуны өмнө Илон бид хоёр хэвийн харилцаатай байгааг хэлмээр байна. Бидний хооронд ямар ч асуудал байхгүй” гэж тэр хэлсэн байна.
“Өөрийг тань тэнэг гэж доромжилж байхад ч уу?” гэж хөтлөгчийг лавлахад Наварро “Би үүнээс ч муухайгаар дуудуулж байсан. Илон бид хоёрын хооронд бүх зүйл сайхан байгаа. Илон өөрийн багийн хамт хулгай, луйвар илрүүлэхэд маш сайн ажиллаж байгаа” гэж хариулжээ.
Маскийн ярьж буй санааны талаар Наварро “Тэг татварын асуудлыг ярилцъя. Яагаад гэвэл энэ тун сонирхолтой сэдэв. Бидэнд эхлээд Вьетнам хандсан, дараа нь Европын Холбоо. Гэхдээ тэг татвар Америкийн ард түмэнд ямар ч ашиггүй. Ялангуяа Вьетнам шиг манайхаас $1-ын бараа аваад $15-ын бараа зардаг улсад. Тэг татвар бидэнд ашиггүй. Бидний хамгийн том асуудал бол валютын манипуляц, дэмпинг, НӨАТ гэх мэт татварын бус саад бэрхшээлүүд. Гэхдээ яг одоо бидэнд импортын татвараас өөр өөрийгөө хамгаалах арга хэрэгсэл алга” гэж ярьсан юм.
Трампын засаг захиргаа АНУ-д дэлхийн ихэнх улсын нийлүүлдэг бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар ногдуулснаа зарласан ч удалгүй хэрэгжилтийг нь 90 хоног хойшлуулах шийдвэр гаргасан. Гэхдээ Хятад улсыг үүнд хамруулалгүй, харин ч эсрэгээрээ татварыг нь өсгөсөөр 125 хувьд хүргээд байгаа.
Бямба гарагт Трамп гар утас, компьютер болон бусад электроник бүтээгдэхүүнийг татварын дайныхаа гадна үлдээх шийдвэр гаргасан нь томоохон ухралт болоод байна. Үүнд Америкийн ихэнх электроникийг үйлдвэрлэдэг Хятад улс хамрагдсан юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|