Иргэдээ буцааж авахаас татгалзсаны хариуд АНУ-ын засаг захиргаа Өмнөд Судан улсад олгосон бүх визээ цуцаллаа

Т.Давааням, ikon.mn
2025 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

АНУ-д хууль бусаар оршин сууж байсан иргэдээ буцааж авахаас татгалзсаных нь төлөө Өмнөд Судан улсын иргэдэд олгосон бүх визээ хүчингүй болгож буйг Трампын засаг захиргаа Бямба гарагт зарлажээ.

“Өмнөд Судан улсын паспорт эзэмшигчдийн авсан бүх визийг нэн даруй хүчингүй болгож, Өмнөд Суданы паспорт эзэмшигчдийг АНУ-д нэвтрэхээс сэргийлэх арга хэмжээ авч байгааг зарлаж байна. Хэрвээ Өмнөд Суданы тал бүрэн хэмжээнд хамтран ажиллавал бид авсан арга хэмжээгээ эргэж харах болно” гэж төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

Тэрбээр цааш нь хэлэхдээ Өмнөд Суданы шилжилтийн засгийн газар “АНУ-ын давуу талыг ашиглахаа зогсоох” цаг болсныг бас анхааруулжээ.

2011 онд Судан улсаас салж, тусгаар тогтнолоо зарласан Өмнөд Суданд өнөөдөр иргэний дайн дэгдэх эрсдэл нүүрлээд байгаа юм.

2013-2018 онуудад олон зуун мянган хүний амийг авсан иргэний дайны үеэр босогчдыг толгойлж байсан Өмнөд Суданы тэргүүн дэд ерөнхийлөгч Рик Мачар өнгөрсөн долоо хоногт гэрийн хорионд оржээ.

Тус улсын ерөнхийлөгч Салва Кийрийн засгийн газар Мачарыг шинэ бослого үймээн дэгдээхээр төлөвлөж буй гэсэн үндэслэлээр баривчилсан байна.

Умард Нил мужид засгийн газрын цэргүүд болон “Цагаан Арми” нэртэй зэвсэгт бүлэглэлийн хооронд олон хоногийн турш тулаан үргэлжилж байгаа. Мачарын босогчид иргэний дайны үеэр “Цагаан Арми”-тай холбоотнууд байсан ч сүүлд харилцаагаа тасалсан гэдэг.

Тиймээс Мачарыг энэ мөргөлдөөнд сэжиглэж байгаа юм байна.

Энэ долоо хоногт Африкийн Холбооны зуучлагчид иргэний дайнаас сэргийлэх зорилгоор Өмнөд Суданы нийслэл Жуба хотод хүрэлцэн очихоор болжээ.

2013-2018 оны иргэний дайны үеэр үндэстэн угсаатнуудын зэвсэгт бүлэглэлүүд хоорондоо дайтсан бөгөөд тэдгээрийн хамгийн том нь болох Динкагийн бүлэглэл одоогийн ерөнхийлөгч Кийрийн талд, хоёр дахь том бүлэглэл дэд ерөнхийлөгч Мачарын талд тулалдаж байжээ.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг