Онцгой Байдлын Ерөнхий Газраас ой, хээрийн түймэр болон цаг агаарын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Цаг агаарын нөхцөл байдлын талаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү “Сүүлийн 24 цагт ой хээрийн түймрийн тав, шар өвс шатсан зургаан дуудлага мэдээллээр ажиллаж, унтраасан.
Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-өөс эхлэн ихэнх нутгаар хүйтэрч, 25-26-нд ихэнх нутгийг хамран хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна” хэмээн ярилаа.
Үргэлжлүүлэн ой хээрийн түймрийн талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр “Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн байдлаар нийт найман аймгийн 20 суманд 28 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт, Жаргалант, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Булган аймгийн Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд зургаан удаагийн ой хээрийн түймэр гарсан.
Түймрийн шалтгаан нөхцөлүүдийг тогтоохоор холбогдох байгууллагын алба хаагчид ажиллаж байна. Хаврын хуурайшилт эхэлсэнтэй холбогдуулан ой, хээрийн түймрийн тоо эрс нэмэгдэж байгаа тул иргэн бүр сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Салхи шуурга ихтэй, хаврын хуурайшилттай улиралд түймрийн эрсдэлтэй бүс нутагт зорчих, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж аюулаас урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарна уу. Хүчтэй салхи шуургатай үед гал гарч, хүний амьдралд нөлөөлж болохуйц том хэмжээний гамшиг үүсэх магадлалтай байдаг” хэмээн ярив.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
|