Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн дэргэд орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, олон улсын стандартад нийцсэн бүх төрлийн үйлчилгээг санал болгох жишиг номын санг барих шавыг тавьжээ.
Тус номын санг ирэх оны хоёрдугаар сард ашиглалтад оруулах бөгөөд "Хилийн чанад дахь номын сан" төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа юм байна.
Бүтээн байгуулалтын ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Тус номын сангийн гадна барилга угсралтын ажлыг ирэх арваннэгдүгээр сард дуусгахаар төлөвлөж байна.
Харин дотор засал чимэглэл, техник, тоног төхөөрөмжийн суурилуулалтыг 2026 оны хоёрдугаар сарын 1-нд дуусгана.
Номын сангийн ажилтнуудыг гурван үе шаттай БНСУ-д мэргэшүүлэх сургалтад хамруулж эхлээд байна. Энэ нь Монгол Улсын номын сангийн үйлчилгээний түвшнийг шинэ шатанд гаргах чухал алхам болно” гэв.
Улаанбаатар хотын нийтийн төв номын санг 1980 онд байгуулж, 45 гаруй жилийн турш танхимын уншлагын үйлчилгээ явуулж иржээ. Нийслэлийн таван дүүргийн салбар номын сан нь жилд 150-200 мянга орчим уншигчид үйлчилж, 500 мянга гаруй цаасан болон цахим номоор олон нийтийн соёл, боловсролын хэрэгцээг хангадаг байна. 2016 оноос эхлэн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай үйлчилгээ нэвтрүүлж, NVDA дэлгэц уншигч болон брайл үсгийн хэрэглээнд шилжиж, 3,000 гаруй номын сан хөмрөгтэйгөөр жилд 350 гаруй тусгай хэрэгцээт иргэнд үйлчилж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
|