Парис хотын оршин суугчид 500 гудамжийг нэмж автомашингүй болгох саналыг дэмжлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт Францын нийслэл Парис хотын оршин суугчдын дунд 500 гудамжийг нэмж автомашингүй болгох эсэх асуудлаар санал хураалт зохион байгуулагджээ.

Санал хураалтад оролцогсдын 65.96 хувь нь саналыг дэмжиж, 34.04 хувь нь эсэргүүцсэнийг албан ёсны үр дүн харуулсан байна.

Хотын захиргаанаас зохион байгуулсан уг санал хураалтад нийт оршин суугчдын 4.06 хувь нь оролцжээ.

Парис хотын удирдлага 2023 оноос хойш гурав дахь удаагаа ийм санал хураалт зохион байгуулж байна.

2023 онд эхний санал хураалтаар цахилгаан скүүтерийг хориглох шийдвэр гаргаж байсан бол өнгөрсөн онд SUV ангиллын том оврын автомашины зогсоолын төлбөрийг гурав дахин нэмэгдүүлэх санал дэмжигдэж байжээ.

Өчигдрийн санал хураалтын үр дүнд Парис хот 10,000 орчим автомашины зогсоолоо хаахаар болж байна. Энэ нь 2020 оноос хойш хаагдсан 10,000 зогсоол дээр нэмэгдэх тоо юм.

Одоо аль аль гудамжаар зөвхөн явган хүн зорчдог болгохыг Парисын хоёр сая орчим оршин суугчтай зөвлөлдөж шийдэх гэнэ.

Өчигдрийн санал хураалтын үр дүнд Парис хотын нийт гудамжны 10 хувь буюу 700 орчим нь автомашингүй, зөвхөн явган хүн зорчих зориулалттай болох юм.

Хэдийгээр ийм алхмуудыг шат дараатай авч хэрэгжүүлж байгаа ч Парис хот нь цэцэрлэгт хүрээлэн, усан сан, мод суулгалт зэрэг ногоон дэд бүтцийн үзүүлэлтээр Европын бусад нийслэлүүдээс хоцорч байгаа.

Тухайлбал Европын нийслэлүүдийн ногоон дэд бүтцийн эзлэх хэмжээ дунджаар 41 хувь байхад Францын нийслэлийнх 26 орчим хувьтай байгааг Европын Байгаль Орчны Агентлагийн статистик мэдээлэл харуулж байна.

 

Эх сурвалж: Reuters