АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хөргийг Колорадо мужийн парламентын ордонд бусад ерөнхийлөгч нарын хөрөгтэй хамт байрлуулсан байсан юм.
Эхэндээ хүмүүс зураач Сара Бордманы тосон будгийн энэ бүтээлийг бодит хүнээсээ өөр, хэтэрхий даруу, бодлогоширсон төрхтэй болсон хэмээн шүүмжилж буй тухай Colorado Times Recorder сэтгүүл бичиж байжээ.
Тэгвэл энэ маргаан Дональд Трампын анхаарлыг татаж, өөрийнх нь царай төрхийг бодит байдлаас гажуудуулсан талаар Ням гарагийн орой сошиал хуудсандаа гомдоллон бичсэн юм.
“Хэн ч өөрийг нь зурсан зурагт дургүй, тэр тусмаа муухай зурсан бол дургүй байдаг. Колорадо мужийн Капитолд бусад ерөнхийлөгч нарын хамт байрлуулсан миний хөргийг урьд нь хэзээ ч харж байгаагүй хэмжээнд зориудаар гажуудуулжээ. Би ийм хөрөгтэй байснаас байгаагүй нь дээр гэж бодож байна” гэж Трамп бичээд мужийн захирагч Жаред Полисоос буулгахыг хүсэж байжээ.
Ингэхдээ тэр бас зэрэгцүүлж өлгөсөн мөн Сара Бордманы бүтээл Барак Обамагийн хөргийг “гайхалтай” болсныг магтаж байв.
Тэгвэл Колорадо мужийн эрх баригчид Трампын хөргийг өчигдөр буулгажээ.
Хөргийг тус мужийн Бүгд Найрамдах намын хууль тогтоогчид 2019 онд GoFundMe хандивын платформоор олон нийтээс босгосон $10,000-оор захиалан зуруулж байсан гэнэ.
Мужийн Бүгд Найрамдах намын бүлгийн тэргүүн Пол Лунден хөргийг “илүү сайн”-аар удахгүй солихоо амлажээ.
Трампын мэдэгдлийн дараа Колорадогийн Капитолын ордонд зочилж, буулгахаас нь өмнө хөргийг үзэх, сэлфи хийх гэсэн хүмүүсийн цуваа нэмэгдсэн байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
|