Прокурорын байгууллагаас гуравдугаар сарын 17-21-нийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 50,544, мөрдөн байцаалтын 2,866 хэрэгт хяналт тавьжээ.
Мөн эрүүгийн 279 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал
- Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 139
- Өмчлөх эрхийн эсрэг 57
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 53
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10
- Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр 9
- Хүрээлэн байгаа орчны эсрэг 5
- Авлига, албан тушаалын 2
Түүнчлэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, мөнгө угаах, татвараас зайлсхийх болон мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах тус бүр нэг хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Нийслэлийн прокурорын газраас Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын албан тушаалтан Н.Б нь өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,
Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Ш” ХХК-ийн ажилтан Н.Т нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор татварын тайлант хугацаанд бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр хий бичилт хийлгэж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг бууруулан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,
Монгол Улсын иргэн Э.Ц, гадаад улсын иргэн Ф.Ш нар нь гадаад улсын мөнгөн дэвсгэртийг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, тараасан, мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 18.7 дугаар зүйлийн 2 /Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.
Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!