Г.Жаргалсайхан: Цэргийн зарлан дуудах хуудас хүргэж өгөөд өшиглүүлж, гэмтсэн хүн ч байна

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 9 цаг 10 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн хэмжээнд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог НИТХ-аас батлав.

Засгийн газраас нийслэлд 2025 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг 78 байхаар тогтоосны дагуу

  1. Баянгол дүүрэгт 10
  2. Баянзүрх дүүрэгт 10
  3. Сүхбаатар дүүрэгт 10
  4. Хан-Уул дүүрэгт 10
  5. Сонгинохайрхан дүүрэгт 8
  6. Чингэлтэй дүүрэгт 8
  7. Налайх дүүрэгт 8
  8. Багануур дүүрэгт 8
  9. Багахангай дүүрэгт 6 байхаар баталлаа.

Цэргийн үүрэг гүйцэтгэх, дүйцүүлэх алба хаагчдад хувцас, эд материалын шаардлагатай зардлыг нийслэлийн 2025 оны төсвийн холбогдох зардлаас гаргах юм байна.

2025 оны гуравдугаар сарын 25-нд болсон НИТХ-ын хуралдааны үеэр яригдсан асуудлууд:

НЗДТГ-ын дарга Д.Амгалан "Батлан хамгаалах тухай хуульд зааснаар иргэн бүрд эх орноо хамгаалах бэлтгэлийг эзэмшүүлэх, цэрэг эх оронч хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн хэмжээнд цэргийн насны иргэдээр цэргийн дүйцүүлэх албыг хаалгаж байна. 

2018 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журам шинэчлэн батлагдсан. Цэргийн дүйцүүлэх алба хааж байгаа иргэд орон нутагт батлан хамгаалах үйл ажиллагаанд оролцохоос гадна нутгийн захиргааны байгууллагын шийдвэрээр байгалийн болон нийтийг хамарсан гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэнцэх хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулахад дэмжлэг үзүүлэх зэрэг үүрэг хүлээж ажилладаг. Түүнчлэн орон нутагт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтад оролцдог. 

Нийслэлийн Цэргийн Штабаас есөн дүүргээс цэргийн дүйцүүлэх албанд элсэх хүсэлт гаргасан иргэдийн өргөдлийг хорооны Засаг даргаар уламжлуулан дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабаас иргэнтэй гэрээ байгуулан цэрэг татлагын товчоогоор эмчийн үзлэгт оруулж, элсүүлдэг.

Жил бүрийн дөрөвдүгээр сард иргэдийн судалгааг гаргаж БХЯ-нд хүргэдэг. Иймд дүүргүүдээс ирүүлсэн саналыг үндэслэж 2025 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн дээд хязгаарыг тогтоолгохоор өргөн мэдүүллээ" гэв.

НИТХ-ын төлөөлөгч Г.Жаргалсайхан: Сүүлийн жилүүдэд цэрэгт татагдаж байгаа иргэдийн тоо хангалтгүй байгаа. Энэ ажлыг дүрэмд нийцүүлж, тоог нь хүргэх гэж хэсгийн ахлагч, хорооны зохион байгуулагч нар зарлан дуудах хуудсыг хүргэх гэж явдаг. Цэргийн зарлан дуудах хуудас хүргэж яваад өшиглүүлж гэмтсэн хэсгийн ахлагч манай дүүрэгт байна. Цэргийн бүртгэлээ биеэр очиж хийлгээгүй иргэний торгуулийн хэмжээ нь бага байна. Зарлан дуудах хуудсаа олон дахин хүргүүлээд байхгүйгээр ямар шинэчлэлт хийхээр төлөвлөж байгаа вэ?

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт "Цэргийн зарлан дуудах хуудас тараах, хүргэх ажлыг ЗДТГ-ын товчооны даргын шийдвэрээр хэсгийн ахлагч нар бүрэлдэхүүнд орж ажилладаг. Зарлан дуудах хуудас авсан ч ирээгүй иргэдэд хариуцлага тооцох асуудалд өөрчлөлт оруулах саналыг сүүлийн гурван жилийн тайланд тусгасан. Энэ тухай санал, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, дараагийн шатанд орж байгаа юм билээ.

Цэрэг татлага, бүртгэл, дайчилгаатай сургалтад ирээгүй нөхцөлд хариуцлага тооцдог. Хариуцлагыг нэмэгдүүлэх саналыг гаргаад байгаа юм. Харин цэргийн ангид очоод оргосон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Хэсгийн ахлагч нар өөрт тулгарсан асуудлыг товчооны даргад мэдэгдэж, тухай бүрд асуудлыг шийддэг.

Цэргийн зарлан дуудах хуудсыг цахим хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөж байгаа. Тухайн иргэний бүртгэлтэй гар утас руу "Цэрэг татлагын байранд ирнэ үү" гэсэн мэдээллийг илгээх юм. Иргэн хөдөө орон нутаг болон гадаадад томилолтоор явсан, шилжилт хөдөлгөөн хийлгэсэн тохиолдолд мэдээллийг хэрхэн хүргэх хууль, эрхзүйн орчин байхгүй учраас тухайн хүнд мэдээлэл хүрэхгүй байж болзошгүй юм" гэв.

Зарласан хугацаанд цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахь заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгодог байна. Энэхүү торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх бололтой.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ХАХА
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг