Өмнөд Солонгосын хотууд, засаг захиргааны анхан шатны нэгжүүдийн 38 хувьд өнгөрсөн онд арваас цөөн тооны хүүхэд шинээр мэндэлснийг тус улсын статистикийн алба Ням гарагт мэдээлжээ.
Тухайлбал өнгөрсөн онд тус улс даяар 237,484 хүүхэд мэндэлсэн бол бүх 251 хот, дүүргийн 38.6 хувьд ердөө 97 хүүхэд мэндэлсэн байна.
Хүүхэд ховор төрсөн газрууд нь хүн амын нягтрал багатай бүс нутгууд болон жижиг хотууд байжээ.
10 хүрэхгүй тооны төрөлттэй бүс нутаг 2022 онд 37.1 хувь, 2023 онд 36.7 хувийг эзэлж байсан бол 2024 онд улам нэмэгдсэн харагдаж байна.
Энэ нь нэг талаас ерөнхий хүн амын дунд төрөлт буурч байгаа, нөгөө талаас хүн ам цөөтэй бүс нутгуудын эмэгтэйчүүд хөрш муж, дүүргүүдийн эмнэлэгт очиж төрдөгтэй холбоотой гэнэ.
Өмнөд Солонгосын засгийн газар сүүлийн жилүүдэд хүүхэд төрүүлэхийг дэмжсэн төрөл бүрийн арга хэмжээ авч явуулсны үр дүнд нөхцөл байдал дээрдэх шинж ажиглагдаж эхлээд байгаа.
Энэ оны тавдугаар сард улс даяар 20,309 хүүхэд мэндэлсэн нь жилийн өмнөх мөн үеэс 3.8 хувиар өссөн, сүүлийн 14 жилийн хамгийн олон төрөлттэй тавдугаар сар болсон байна.
Нэгээс тавдугаар сарын хооронд Өмнөд Солонгост 106,058 хүүхэд мэндэлсэн нь жилийн өмнөх мөн үеэс 6.9 хувиар өссөн үзүүлэлт болсноос гадна одоогийн хүн амын тоо бүртгэл эхэлсэн 1981 оноос хойших хамгийн хурдтай өсөлт болжээ.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!