Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын нийслэлээс орон гэргүйчүүдийг албадан нүүлгэх хүсэлтэй байгаагаа ерөнхийлөгч Трамп мэдэгдэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын нийслэл Вашингтон хотоос орон гэргүй хүмүүсийг албадан нүүлгэж, гэмт хэрэгтнүүдээс цэвэрлэх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

“Гэр оронгүй хүмүүсийг нэн даруй нүүлгэх хэрэгтэй. Бид тэднийг орон байраар хангах болно. Гэхдээ нийслэл хотоос хол газарт. Гэмт хэрэгтнүүд нүүх шаардлагагүй. Тэднийг байх ёстой газарт нь байрлуулах болно” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн юм.

Энэ мэдэгдлийн дараа Вашингтон хотоос хүмүүсийг албадан нүүлгэх хууль ёсны эрх мэдэл АНУ-ын ерөнхийлөгчид байдаг эсэхийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тодруулахад Цагаан ордон тайлбар өгөхөөс татгалзжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Вашингтон хотод зөвхөн холбооны засгийн газрын харьяа газар, барилга байгууламжийг мэддэг.

Трамп өнөөдөр буюу Даваа гарагт “Вашингтон хотын гэмт хэрэг, хүчирхийллийг таслан зогсоох” сэдвээр хэвлэлийн хурал зарлажээ.

Энэ үеэр тэр нүүлгэн шилжүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч магадгүй байна.

Өчигдрийн мэдэгдэлдээ Трамп нийслэлийн гудамж талбайн хог хаягдлын зургийг нийтлээд “Би нийслэлээ урьд өмнө байгаагүй аюулгүй, цэвэр цэмцгэр хот болгох болно” гэж бичжээ.

Вашингтон дахь орон гэргүй хүмүүсийн тоог бууруулах чиглэлээр ажилладаг “Community Partnerships” байгууллагын мэдээлснээр 700,000 орчим оршин суугчтай энэ хотод орон гэргүй 3,782 орчим хүн амьдардаг гэнэ.

Гэхдээ тэдний ихэнх нь түр хоргодох байранд шөнийг өнгөрүүлдэг, 800 орчим нь гудамж талбайд хоноглодог ажээ.

Саяхан Цагаан ордны нэг залуу ажилтан олон нийтийн газарт халдлагад өртсөний дараа Трамп холбооны цагдаагийн албан хаагчдыг Вашингтонд дэг журам сахиулахаар томилсон юм.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Трамп бас Вашингтон хотод гэмт хэрэг, хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор Үндэсний Гвардын цэргүүдийг дайчлах бодолтой байгаагаа анхааруулж байв.

Харин өчигдөр Ардчилсан Намаас томилогдсон Вашингтон хотын захирагч Муриэл Баузер нийслэлд гэмт хэргийн гаралт нэмэгдсэн гэх Трампын мэдэгдлийг няцаасан байна.

“2023 онд гэмт хэргийн гаралт маш их өссөн нь үнэн. Гэхдээ одоо 2023 он биш. Бид сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ хотод гэмт хэргийн гаралтыг сүүлийн 30 жилийн хамгийн доод хэмжээнд хүртэл бууруулж чадсан” гэж тэр MSNBC сувгаар ярьжээ.

Тус хотын цагдаагийн газрын мэдээлснээр 2025 оны эхний долоон сарын хугацаанд нийт гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 7 хувиар буурсан бол бусдын биед хүч хэрэглэсэн гэмт хэргийн тоо 26 хувиар буурсан байна.

Вашингтон хот буюу Колyмби Дүүрэг нь 1790 онд хөрш Виржиниа, Мэрилэнд мужуудаас тастаж авсан газар дээр байгуулагдаж байжээ.

Тус хотын төсвийг АНУ-ын Конгресс шууд хянадаг бөгөөд оршин суугчид нь захирагч болон хотын удирдах зөвлөлийг сонгодог.

АНУ-ын ерөнхийлөгч нь мужуудын дотоод хэрэгт шууд оролцдоггүй, онцгой ховор тохиолдолд Үндэсний Гвардын цэргийн хүчийг дайчлах эрхтэй байдаг юм.

Саяхан ерөнхийлөгч Трамп хууль бус цагаачдын өдөөсөн үймээнийг зохицуулахаар Лос Анжелес хотод энэ аргыг хэрэглэж байв.

 

Эх сурвалж: Reuters