Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн нээлт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт өнөөдөр зохион байгуулагдлаа.
2023 оны мэдээгээр улсын хэмжээнд 111,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа нь нийт хүн амын 3.3 хувийг эзэлжээ.
Түүнчлэн 15-64 насны 93,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ "Монгол Улсын Засгийн газраас энэ жилийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгож, онцолж зарласан.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд дандаа халамж авдаг бүлэг биш. Өнөөдөр Монгол Улсад 111,200 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 80,000 гаруй нь хөдөлмөр эрхлэх бололцоотой.
Өнөөдөр улсын хэмжээнд 4,500 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн төрийн албанд, 10,000 орчим нь хувийн хэвшилд ажиллаж байгаа юм. Энэ бол хангалтгүй тоо.
Хөдөлмөр эрхлэлтийн сангаас дэмжиж ирсэн хөтөлбөрүүд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг бий болгоход бодитой дэмжлэг болж чаддаггүй, дандаа төрийн бус байгууллагуудаар дамждаг.
Жил бүр хэдий хэмжээний мөнгө хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг бий болгоход зарцуулагдаж байна вэ?, Тухайн зарж байгаа мөнгө нь яг эзэндээ хүрч байгаа юу?, Үр дүн гарч байгаа юу? гэдэг асуулт бүрхэг байсан.
Энэ жилээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг ил болгож байгаа
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэг төрийн бус байгууллага нэг л удаа хөнгөлөлттэй зээл авдаг. Тэр зээл нь сунгагдахгүй, зээл авсан төрийн бус байгууллага дахин тэр төсөл амжилттай хэрэгжсэн байна уу, үгүй юу гэдэг тайлангаа өгдөггүй.
Хэрэв амжилттай хэрэгжсэн бол сунгадаг тогтолцоо байхгүй учраас дандаа төрийн бус байгууллага байгуулаад явчихсан. Энэ буруу тогтолцоог бид халах нь зүйтэй юм байна" гэв.
Мөн тэрбээр "Хувийн хөдөлмөрийн биржүүдтэй хамтарч JOB CENTER-ийн үйл ажиллагааг нээж байгаа. Хүнийг зүгээр хөдөлмөрт зуучлаад орхих биш ур чадварт нь үнэлгээ хийж, тухайн чадварыг сайжруулах шаардлагатай тэрхүү сургалтад нь хамруулаад ажлын байртай нь уяж холбож өгдөг.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ААН-үүдийг татвараар дэмждэг гэх мэтчилэн олон дэмжлэг бий. Гэхдээ эргээд эдгээр нь хэрэгжиж байгаа юу гэвэл үгүй" гэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын бодлого хэрэгжилтийн газрын дарга У.Сосорбурам "Жилдээ 300-400 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажлын байртай болдог.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт хамрагдаад 30-50 сая төгрөгийн дэмжлэг авч, өөрсдөө жижиг бизнес эрхлээд өнөөдөр баялаг бүтээгч болсон хүмүүс ч бий.
Нөгөө талаас улсын хэмжээнд жилдээ 5,000 гаруй ажлын байрны захиалга ирдэг. Гэхдээ тохирсон ажил маш чухал. Тохирсон, тохируулга гэдэг нь ялгаатай.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд барилга, уул уурхайн салбар биш, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт түлхүү ажилладаг.
2024 онд улсын хэмжээнд 13,000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажил хайсан" гэх тоон мэдээллийг танилцуулав.
Иргэн Г.Эрдэнэзул "Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхэд бодит нөхцөл байдал хэцүү.
Хэн дуртай нь анкетаа өгч, ажлын байрны шаардлагад нийцээд орчихдоггүй. Манай "Түгээмэл хөгжил" ТББ-д олон кэйс бий.
Манайх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллага болохоор ажил хайж байгаа хүмүүс их ирдэг. Тухайн хүний хайж байгаа, хийж чадна гэсэн тохирсон ажлын байрыг олгох ААН байдаггүй.
Дараагийн түгээмэл гардаг асуудал бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн боловсрол. Явц дундаа гэмтсэн хүмүүс уншиж, бичиж чадна. Өөрөөр хэлбэл боловсролын түвшин гайгүй байна.
Харин төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс уншиж, бичих чадвар нь сул. Манай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дийлэнх хувь нь уншиж бичиж чаддаггүй. Жишээ нь манайх 180 гаруй гишүүнчлэлтэй. Тэдний тал хувь нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй учир бичиг үсгийн чадвар сул, үүнийг дагаад тохирох ажил нь бага.
Ажлын байрыг нь оновчтой олж, тулгарч буй асуудалд нь туслахад job coach нарын үүрэг их чухал.
Мөн дараагийн том асуудал бол Нийгмийн Даатгал төлөлт ба асаргааны мөнгөнөөс үүсдэг.
Ажилд орж байгаа хүмүүс мэдээж НДШ төлнө шүү дээ. Ингээд НДШ төлөөд эхлэхээр “Чи ажил хөдөлмөр эрхэлж, Нийгмийн Даатгал төлдөг юм байна” гээд асаргаанаас нь хасаад байгаа юм.
Манайд ч үүнтэй холбоотой гомдол ирдэг. Би ажил хиймээр даанч "НДШ төлсөн бол асаргаанаас хасчихдаг юм байна" гэдэг. Асаргааны мөнгө нь бас тухайн хүндээ хэрэгтэй байдаг. Нөгөө талаас ажил хиймээр байдаг. Ингээд улсаас хэрэгжүүлж буй ажил нь зөрөөд байгаа.
Халамжаас хөдөлмөрт гээд уриатай, хөдөлмөрийн чадваргүй иргэдийг ажилд ор гээд байгаа мөртлөө ийм асуудал гардаг" гэж нөхцөл байдлыг хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
|