Уншиж байна ...

ДЭМБ-аас янжуур болон электрон тамхины татварын хэмжээг 75 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтой гэжээ

А.Төгөлдөр, iKon.mn
Өчигдөр 15 цаг 52 минут
IKON.MN
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар байгуулагдсан “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2025.03.20/ хуралдлаа. 

Хуралдааны эхэнд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн О.Номинчимэг Монгол Улс дахь тамхины онцгой албан татварын бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, Тамхины хяналтын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлан, ажлын хэсгийн тайлангийн төслийг хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав.

Өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Батбаяр, Д.Ганмаа, Г.Дамдинням, Б.Мөнхсоёл, О.Саранчулуун нар оролцсон.

Хуралдааны эхэнд Сангийн яамны Татварын бодлогын газрын мэргэжилтэн Т.Анхбаяр Монгол Улс дахь тамхины онцгой албан татварын бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хийсэн хоёр хоногийн сургалтаар хөндөн ярилцсан асуудлаа товч танилцууллаа. Энэ хүрээнд янжуур болон электрон тамхины талаарх татварын загварчлалыг гаргаж ярилцсан гээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ төрлийн татварын хэмжээг 75 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтой гэснийг уламжлав.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал солилцсон. Гишүүд олон улсад янжуур болон электрон тамхины татварын хувь хэмжээний харьцаа ямар байгааг болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу тамхины онцгой албан татварын хувь хэмжээг 75 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн олон улсын жишиг буй эсэх, онцгой албан татвараас бүрдсэн төсвийн бүрдүүлэлт, зарцуулалтын талаар хөндөж, тодруулж байв. Мөн хуулийн зорилтыг тодорхой болгох, тамхины татварыг ногдуулахдаа шалгуур, хэмжих нэгжийг нарийвчлан тодорхойлох шаардлагатайг дурдахын зэрэгцээ ялангуяа электрон тамхины утааны дам тахимдалтад өртөж буй хүмүүсийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх судалгаа хийсэн эсэхийг лавлаж байв.

Мөн хуралдаанаар УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Судалгааны хэлтсийн зөвлөх Г.Билгээ Тамхины хяналтын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний талаар танилцуулсан. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй уг хуулийн 6.7.7, 6.7.8, 6.7.12, 6.7.14, 9.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийг хамруулан хэрэгжилтэд үнэлгээ, судалгаа хийснийг онцолсон. Хуулийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайлангийн дүгнэлтэд, төрийн хяналтын хэрэгжилт хангалтгүй, үүрэг хүлээсэн байгууллагуудын уялдаа холбоо сул, аж ахуйн нэгж байгууллагын хариуцлага сул, бизнесийн ашиг давамгайлсан, олон нийтийн хяналт хангалтгүй байгааг дурдсан байлаа. Түүнчлэн тамхины үйл ажиллагаанд тавих шаардлага тогтмол зөрчигдөхийн зэрэгцээ олон нийтийн газар тамхи татах зөрчил өндөр хэвээр байна гэжээ.

Хуралдааны төгсгөлд Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийн тайлангийн төслийг хэлэлцэн шийдвэрлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.