Монгол Улс, Өмнөговь аймаг, Ханбогд сум, Оюу толгойн уурхайн цогцолбор – Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газрын төлөөлөл, УИХ-ын гишүүдийг Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм тэргүүтэй удирдлагууд Оюу толгойн уурхайд хүлээн авч, үйл ажиллагааг танилцууллаа.
“Оюу толгой” компани дэлхийд тэргүүлэгч зэсийн бизнесийг цогцлоох замналдаа эргэлт буцалтгүй орсон энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оюу толгойн уурхайн үйл ажиллагаатай танилцсан нь чухал ач холбогдолтой үйл явдал боллоо. 2025 онд уурхайн олборлолт өмнөх оноос 50%-иар нэмэгдэн зэсийн баяжмалын үйлдвэрлэл эрчимтэйгээр өсөж, дараагийн дөрвөн жилийн хугацаанд гүний болон ил уурхайгаас жилд дунджаар 500 мянган тонн зэс (100%-ийн цэвэр металл) үйлдвэрлэх төлөвт шилжин ажиллаж байна. Ингэснээр, Оюу толгой энэ арваны төгсгөл гэхэд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюу толгойн уурхайтай танилцах үеэрээ, ”Оюу толгойн нөөцийг баялаг болгон хувиргаж, улс орон, ард түмэндээ үр өгөөж болгон хүртээхэд хүчин зүтгэж буй 20 гаруй мянган монгол залуус Та бүхнээр бахархаж байна. Монгол залуустай мөр зэрэгцэн ажиллаж, эрдэм мэдлэгээ хуваалцаж байгаа гадаад, дотоодын мэргэжилтнүүддээ бас талархаж байна” хэмээн онцоллоо.
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм энэ үеэр, “Оюу толгойн уурхайгаас олборлож буй зэс нь хүн төрөлхтний ногоон хөгжилд Монгол Улсын оруулж байгаа үнэтэй хувь нэмэр төдийгүй, энд хэрэгжүүлж буй байгаль орчны чиглэл дэх үйл ажиллагаанууд нь Монгол Улсын Ерөнхийлөгч таны санаачилсан олон төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж буй бодит жишээ юм” хэмээн талархлаа илэрхийлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга дор хэрэгжиж буй үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийг Оюу толгой компани “100 сая мод өвлүүлэн үлдээе”, “Монголд үйлдвэрлэв”, “Гүнээсээ хайрлая” зэрэг хөтөлбөрүүдээрээ дэмжин ажилладаг.
Тодруулбал,“Цэнхэр алт” үндэсний чуулгантай зорилго нэгтэй “Гүнээсээ хайрлая” усны мэдээллийн аяныхаа хүрээнд усны зүй зохистой хэрэглээ, дахин ашиглалт, газрын доорх усны ач холбогдлыг олон нийтэд таниулах, нөөцийг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар болон салбарын бусад байгууллагатай дөрөв дэх жилдээ хамтран ажиллаж байна.
Мөн импортын бүтээгдэхүүнийг орлох “Монголд үйлдвэрлэв” хөтөлбөр болон орон нутгийн жижиг дунд бизнесүүдийг дэмжих бодлого нь “Цагаан алт” үндэсний хөтөлбөртэй уялдан, үндэсний үйлдвэрлэгчдийн аюулгүй ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, байгаль орчны стандартыг нь сайжруулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэн, олон арван ажлын байрыг бий болгохын сацуу Монголд шинэ технологийг нэвтрүүлсээр байгаа юм.
Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд “Оюу толгой” компаниас 2022 онд санаачилсан “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрөөр мод тарьж ургуулах, ойжуулалтын ажлын бэлтгэл, боловсон хүчин, мод үржүүлэг, ойн салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэн, нөөц, бааз суурийг нь бэхжүүлэх ажлуудыг хийсээр байна.
“Оюу толгой” компани олон улсын нөхцөл байдал, эдийн засгийн ирээдүйн төлөв болон ногоон ирээдүйг цогцлоох хүчин чармайлтад “Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе” стратегиа уялдуулан, дэлхийд тэргүүлэх, аюулгүй, тогтвортой зэсийн бизнесийг цогцлоон, хувь нийлүүлэгчид болон оролцогч талууддаа үнэ цэн бий болгож, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд урт хугацаанд хувь нэмэр оруулж байна.
Үйлдвэрлэл болон цаашдын төлөв:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!