Уншиж байна ...

Хоккейн нөхөрсөг тоглолт хийх Путины саналыг Трамп дэмжсэн гэж Кремлийн төлөөлөгч мэдэгдэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
Өчигдөр 17 цаг 04 минут
IKON.MN
Зураг зураг

Өнгөрсөн Мягмар гарагт АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар утсаар Украинд дайны гал зогсоох төлөвлөгөөг хэлэлцсэн билээ. 

Энэ үеэр Путин АНУ, ОХУ-ын хооронд хоккейн нөхөрсөг тоглолт хийх саналыг Трампад тавьсан гэж Кремлийн төлөөлөгч мэдэгджээ. 

"Путины саналыг Трамп дэмжихээ илэрхийлсэн. Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (NHL) болон Тивийн Хоккейн Лиг (KHL)-ийн америк, орос тоглогчид нөхөрсөг тоглолт хийнэ" гэж онцолсон юм. 

Одоогоор Цагаан ордноос уг мэдээллийг баталгаажуулаагүй байна. Мөн хоёр орны удирдагч утсаар ярьсан талаар мэдээлэл өгөхдөө спортын сэдэвтэй асуултад хариулахаас татгалзсан аж.

NHL-ийн зүгээс албан хариулт өгөхөд бэлэн биш байгаагаа мэдэгджээ. Лигийн хэвлэлийн төлөөлөгч Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа "Хоёр орны удирдагчдын хооронд болсон хэлэлцээг дөнгөж саяхан мэдсэн тул ямар нэг тайлбар өгөх боломжгүй" гэв.

2022 онд Украин, ОХУ-ын дайн эхэлснээс хойш Олон Улсын Хоккейн Холбоо (IIHF) Орос болон Беларусийн шигшээ болон клубийг тэмцээнд оролцохыг хориглож байв.

Үүгээр ч зогсохгүй 2023 онд Санкт Петербург хотод болох байсан Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ийг Финланд болон Латви руу шилжүүлсэн.

Өнгөрсөн жилийн сүүлээр IIHF ОХУ болон Беларусийн багийг 2025 - 2026 оны улиралд оролцуулах эсэхээ ирэх тавдугаар сард шийдвэрлэхээр төлөвлөж байгаагаа зарласан юм.

NHL-ийн зүгээс Оросуудтай хамтардаг бизнесээ зогсоосон. Түүнчлэн орос хэл дээр үйл ажиллагаа явуулдаг сошиал хуудас, дижитал хэвлэлийнхээ үйл ажиллагааг зогсоосон.

Гэхдээ орос гаралтай тамирчид нь NHL-д үргэлжлүүлэн тоглохыг зөвшөөрсөн билээ.

 

Эх сурвалж: Reuters