Олон Улсын Олимпын Хороо(ОУОХ)-ны ерөнхийлөгч Томас Бахыг хүндэт ерөнхийлөгчөөр насан туршид нь өргөмжлөх шийдвэрийг гаргалаа.
Тэрбээр 12 жилийн турш олимпын хөдөлгөөнийг удирдаж ирсэн бөгөөд ирэх зургаадугаар сард албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр бэлтгэж байна.
Энэхүү шийдвэрийг Грекийн өмнөд баруун эргийн Коста Наварино амралтын газарт зохион байгуулагдаж буй 144 дэх удаагийн ОУОХ-ны чуулганы эхний өдрийн төгсгөлд зарласан бөгөөд гишүүд санал нэгтэйгээр баталж, алга ташин хүндэтгэл үзүүлэв.
"Би энэхүү өндөр хүндэтгэлийг маш их даруу байдлаар хүлээн авч байна. Учир нь би үргэлж хэлж ирсэнчлэн өнөөдрийн амжилт бол нэг хүнийх биш, харин бид бүгдийн хамтын хүч хөдөлмөрийн үр дүн юм. Та бүхэн өөр өөрийн хувь нэмрийг оруулсан. Бид олимпын үнэт зүйлсэд үнэнчээр зүтгээгүй бол өнөөдөр энэ хол замыг туулах байсан эсэхийг хэн мэдэх билээ? Тиймээс өнөөдөр надад олгож буй энэхүү хүндэтгэлийг та бүхэндээ зориулж байна.
Түүний 12 жилийн хугацаанд үргэлжилсэн бүрэн эрхийн хугацаа энэ оны зургаадугаар сарын 23-нд буюу Олимпын өдөр албан ёсоор дуусгавар болж, Пүрэв гарагт сонгогдсон шинэ ерөнхийлөгч ОУОХ-ны 10 дахь тэргүүнээр ажиллаж эхэлнэ.
Ноён Бах ирээдүйн олимпын хөдөлгөөнд итгэлтэй байгаагаа илэрхийлээд "Би олимпын хөдөлгөөнд бүхий л хүчээ зориулсан гэдгээ чин сэтгэлээсээ хэлж чадна. Одоо шинэ удирдлагыг сонгох цаг ирлээ. Та бүхний сонгох хүн олимпын хөдөлгөөнийг бүр ч гэрэл гэгээтэй ирээдүй рүү чиглүүлэх болно. Учир нь спортод өчигдрийн амжилт бол зөвхөн маргаашийн ялалтын суурь юм" гэж онцолсон юм.
Тэрбээр "Өөрчил эсвэл Өөрчлөгд" гэсэн зарчмыг баримталж, ОУОХ-нд түүхэн шинэчлэлүүдийг авчирсан гэдгээрээ алдартай. Түүний удирдлага дор Олимпын хөтөлбөр 2020 (2014), Олимпын хөтөлбөр 2020+5 (2021), Олимпын хиймэл оюун ухааны хөтөлбөр (2024) гэсэн гурван стратегийн төлөвлөгөө батлагдаж, Олимпын хөдөлгөөн, Олимпын наадам, ОУОХ-ны өөрчлөлтийн чигийг тодорхойлсон.
Чуулганы үеэр ОУОХ-ны гишүүд Олимпын хөтөлбөрийн хэрэгжилтийг эргэн харж, энэ нь Олимпын наадам болон ОУОХ-ны зохион байгуулалт, төлөвлөлтөд хэрхэн өөрчлөлт авчирсныг дүгнэв.
Түүнчлэн энэхүү шинэчлэлүүдийн үр дүнд тамирчдын эрх, үүрэг эрх мэдэл, жендерийн тэгш байдал, тогтвортой хөгжил, санхүүгийн баталгаат байдал, цахим шилжилтийн 10 үндсэн чиглэлд ахиц гарсныг онцлов.
Бахын залгамжлагч болохоор долоон нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд хэдхэн цагийн дараа ОУОХ-ны гишүүд шинэ удирдагчаа тодруулахаар саналаа өгөх гэж байна гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!