Нээлттэй нийгэм форумаас парламент ил тод, иргэдийг оролцуулсан судалгаа шинжилгээнд үндэслэн хэрэгжих боломжтой хууль батлах ёстой ч сүүлийн жилүүдэд энэ байдал нь алдагдаж байгаа асуудлаар судлаачдын багтай хамтран цуврал судалгааг гаргаж байгаа юм байна.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 130 гаруй хуулийг олон нийтээр хэлэлцүүлэлгүй баталсны 45 нь яаралтай горимоор батлагджээ. Эдгээрт Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, орон сууцжуулах тухай хууль зэрэг Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах үр дагавар бүхий хуулиуд байгаа нь анхаарал татаж байна гэдгийг ННФ-аас онцлов.
Монгол Улсад 880 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагийн 318 хуульд хүний эрхэд сөрөг нөлөө бүхий 810 заалт байдаг аж. Үүний шалтгаан нь хуулийн төсөл санаачлах явцад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэд, нийгмийн тодорхой бүлгээс санал авдаггүй, хүний эрхийн байгууллага, судлаачдын санал, зөвлөмжийг харгалзан үзэж, хуулийн төсөлд тусгадаггүйтэй холбоотой гэв.
Түүнчлэн дагалдах хууль нэрээр хуулийг "бөөндөж" өөрчлөх, зарим тохиолдолд үүнд "анхдагч хууль" оруулах, түүнчлэн дагалдах хууль нь өөрөө дагалдах хуультай байсан тохиолдол ч гарсан аж.
2023-2024 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын Их хуралд өргөн мэдүүлсэн 135 хуулийн төсөлд хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ хийсэн бодлогын шинжилгээнээс онцлох зүйлсийг хүргэж байна.
1. Тус хугацаанд өргөн мэдүүлсэн хуулийн төслийн 84 нь судалгаа хийх шаардлагатай байсан ч дараах таван хуулийн төсөл суурь судалгааны тайлангүй буюу судалгаа хийсэн эсэхийг тогтоох боломжгүй байжээ.
Дээрх хуулиудад нийтийн ашиг сонирхол, хүний хөдөлмөрлөх болон бусад эрхэд нөлөө бүхий гурван хуулийн төсөл байгааг анхаарах нь зүйтэй гэж судалгааны багийнхан онцолсон байна.
2. Тандан судалгаа хийсэн 37 хуулийн төслийн зургаад нь хүний эрхийн үнэлгээ хийгээгүй байжээ. Мөн үнэлгээ хийгдсэн хуулийн төслүүдийн үнэлгээний чанар, үндэслэл бүхий байдалд дүгнэлт өгөх боломжгүй хэт ерөнхий, ач холбогдолд нь нухацтай хандаагүй зэрэг байдал ажиглагдсан нь тус үнэлгээний ач холбогдлыг бууруулж байна гэж үзжээ.
Тухайлбал 2024 оны Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийн хүний эрхийн үнэлгээний хариулт ба тайлбар нь 2023 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүний эрхийн нөлөөллийн үнэлгээний хариулттай үг, үсгийн зөрүүгүй адилхан байсан байна.
3. Тандан судалгаа хийсэн 75 хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээний тайлангийн 32 нь "Хүний эрхийг хязгаарласан зохицуулалт тусгасан эсэх" гэсэн асуултад огт хариулаагүй, 43 нь "тийм, үгүй" зэрэг ерөнхий байдлаар хариулсан байгаа нь уг судалгаа зохих ёсоор хийгдэхгүй байгааг харуулж байна гэж үзжээ.
Судалгаа хийх шаардлагатай 84 хуулийн төслийн тав нь суурь судалгааны, ес нь үр нөлөөний тайлангүй байгаа нь хуулийн төслийн бүрдүүлбэрт тавих хяналт зохих ёсоор хэрэгжихгүй байна. Тухайн хуулийн төслийн судалгаа, шинжилгээний тайлан, олон нийтийн хэлэлцүүлэг зохих ёсоор, чанартай хийгдсэн эсэхийг авч үзэхгүй байна гэж судалгааны багийнхан үзжээ.
Дээрх бодлогын шинжилгээтэй бүтэн танилцах бол ЭНД ДАРНА УУ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!