УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар өнгөрөгч Даваа гарагт Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан.
Амьтны тухай хуулийн 25.1-д "Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад эрхийн бичиг, иргэн, хуулийн этгээд тусгай болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад тусгай зөвшөөрөл авч, гэрээ байгуулна" гэдэг заал бий.
Харин О.Амгаланбаатар гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн өөрчлөлтөд “Амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнасан бол энэ хуулийн 25.1 дэх заалт хамаарахгүй” гэдэг шинэ заалт нэмэхээр тусгажээ.
Тэрбээр өргөн барьсан хуулийн төслийнхөө талаар "Чоныг зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд хүлээлгэх торгууль, төлбөрийн хэмжээг хууль тогтоомжоор тодорхой зохицуулсан. Ихэнх тохиолдолд иргэн амь нас, мал сүргээ хамгаалахын тулд чоныг агнасан ч “зөвшөөрөлгүй” гэх шалтгаанаар торгууль, төлбөр төлж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан амьд явах эрх, өмчтэй байх эрх зөрчигдөж байна хэмээн үзэж, Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлд нэмэлт оруулахаар уг хуулийн төслийг өргөн мэдүүлж байна" гэжээ.
Хуулийн төсөл дэх практик шаардлага:
"Амьтны тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу иргэн зохих төлбөр төлж, сумын Засаг даргаас олгосон эрхийн бичгийн дагуу агнуурын ховор амьтнаас бусад амьтныг өөрийн ахуйн зориулалтаар агнаж , барьж болох бөгөөд тус эрхийн бичигт иргэний овог, нэр, агнах, барих агнуурын амьтны зүйл, тоо , агнах, барих хугацаа, газар, төлбөр, хураамжийн хэмжээг нарийвчлан заадаг. Тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.2-т заасны дагуу чоно агнах, барих зөвшөөрлийг тав хүртэл хоногийн хугацаатай олгодог байна.
Хэрэв тухайн хугацаанд ан хийж чадаагүй бол дахин зөвшөөрөл авах шаардлага үүсдэг тул төлбөр төлж зөвшөөрөл авах сонирхолгүй байдаг. Мөн чоно агнах зөвшөөрлийн төлбөр өндөр тул зөвшөөрөл авах боломж малчдын хувьд хязгаарлагдмал байна" гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!