Ираны алагдсан генералын төрөл төрөгсдийг АНУ-ын цагаачлалын албаныхан баривчилж, нутаг буцаахаар болжээ

Т.Давааням, ikon.mn
6 цаг 1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Трампын засаг захиргаа Ираны одоогийн болон өмнөх засгийн газартай холбоотой дөрвөн хүний ногоон карт буюу АНУ-д оршин суух эрхийг цуцалж, хоёрыг нь албадан нутаг буцаахаар баривчилжээ.

Баривчлагдсан хоёр хүн нь 2020 онд Багдад хотын нисэх буудалд АНУ-ын агаарын цохилтын улмаас алагдсан Ираны Хувьсгалт Гвардын корпусын командлагч Кассем Солейманигийн зээ охин болон түүний охин юм байна.

Тэдний ногоон картыг цуцалсны дараа Баасан гарагийн орой цагаачлалын албаны ажилтнууд баривчилжээ.

“Хамиде Солеймани Афшар болон түүний охин одоо АНУ-ын цагаачлал, гаалийн албаны хамгаалалтад байгаа” гэж төрийн департамент мэдээлсэн байна.

Афшарын нөхөр бас АНУ-д нэвтрэх эрхгүй болсныг нэмж мэдээлжээ. Афшар нь охины хамт Лос-Анжелес хотод олон жилийн турш тансаг хэв маягаар амьдарч байсан ч Ираны засгийн газрын бодлого, Америкийн эсрэг үзлийг ил тод дэмжиж байсныг мэдэгдэлд дурдсан байна.

“Тэрбээр Америкчуудын эсрэг халдлагыг сайшааж, Ираны дэглэмийг ил тод дэмжиж, манай улсыг Аугаа Сатан хэмээн нэрлэдэг байсан юм” гэж төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио сошиал хуудсандаа бичжээ.

Ираны төв хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Солеймани агсны төрөл төрөгсдөөс АНУ-д хэзээ ч амьдарч байгаагүй, амьдардаггүйг өчигдөр бас мэдэгдсэн байна.

Өнгөрсөн сард АНУ, Израилийн агаарын цохилтод амь үрэгдсэн Ираны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Али Ларжанигийн охин Фатеме Ардешир-Ларжанигийн визийг төрийн департамент саяхан цуцалсан юм.

Түүний нөхөр Сэйед Калантар Мотамедигийн визийг бас цуцалжээ.

 

Эх сурвалж: Associated Press