Хүүхдийн гэмтэл, согог судлалын олон улсын эрдэм шинжилгээний хоёрдугаар хурал болов

А.Төгөлдөр, iKon.mn
6 цаг 1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Монголын Хүүхдийн Гэмтэл Согог Судлалын Нийгэмлэгийн Олон улсын хоёрдугаар хурал өнгөрөгч Бямба гарагт /2026.03.28/ болжээ. Тус нийгэмлэгийн анхны хурал 2024 онд болж байв.  

Тус төрийн бус байгууллага нь хүүхдийн гэмтэл согогийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, олон улсын жишигт нийцсэн гэмтэл согогийн цогц эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлэх, гэмтэл согогийн чиглэлээр дотоодын болон гадаадын эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтэн, олон нийтэд сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулагдаж байжээ. 

Энэхүү хурал нь хүүхдийн гэмтэл, согогийн салбарт ажиллаж буй эмч, эрдэмтэн, мэргэжилтнүүдийг нэгтгэн, туршлага мэдээлэл солилцох чухал арга хэмжээ болдог. 

Хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан олон улсын хурлын цар хүрээ өргөжиж, дэлхийд нэр хүндтэй Солонгос, Японы тэргүүлэх мэргэжилтнүүд урилгаар оролцсон нь энэ удаагийн хурлын онцлог болжээ. Гаднын зочин эмч мэргэжилтнүүд хүүхдийн гэмтэл, ортопедийн мэс заслын орчин үеийн арга технологи, эмчилгээний шинэ чиг хандлагын талаар илтгэл тавьж, монголын эмч нартай туршлага солилцсон байна. Уг хамтын ажиллагаа нь Монгол, Солонгос, Японы анагаах ухааны байгууллагуудын хоорондын харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болсныг хурлыг зохион байгуулагчид онцолсон юм.

Хуралд нийслэл болон орон нутгийн эмнэлгүүдийн хүүхдийн мэс засал, ортопед, травматологийн чиглэлээр мэргэшсэн эмч нар оролцжээ. Монгол эмч нар өөрсдийн судалгааны ажил, эмнэлзүйн туршлагаа олон улсын мэргэжилтнүүдэд танилцуулснаар шинэлэг санаа, зөвлөмж авчээ.

Хурлын үеийн фото сурвалжилгыг хүргэж байна.