Сарыг чиглэн аялж буй Orion сансрын хөлгийн жорлонгийн ажиллагаа дахин доголджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
5 цаг 2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Саранд хүрэх аяллынхаа замын талаас илүүг туулаад буй NASA-гийн Orion хөлгийн жорлонгийн ажиллагаа дахин доголджээ.

Америкийн гурав, Канадын нэг сансрын нисэгчдээс бүрдсэн баг маргааш буюу Даваа гарагт сарны орчимд хүрэх юм.

“Дэлхий улам жижиг харагдаж, сар улам томорсоор байна” гэж багийн ахлагч Виктор Гловер мэдээлжээ.

Хөлгийн жорлонг засварлах хүртэл ялгадас цуглуулах нөөц уутыг ашиглаж байх зааврыг дэлхийгээс сансрын нисэгчдэд өгсөн байна.

Энэ нь Orion хөлөгт анх удаа суурилуулсан UWMS (Universal Waste Management System) жорлонгоос өмнө сансрын нисэгчдийн ашигладаг байсан уламжлалт арга хэрэгсэл юм.

Лхагва гарагт Orion хөлөг сансарт хөөрсний дараахан шинэ жорлонгийн ажиллагаа доголдож, хөлгийн багийнхан удалгүй засаж байв.

Инженерүүд шингэн ялгадсыг зайлуулах шугамыг мөс хаасан байж болзошгүй гэж үзэж байгаа гэнэ. Харин шинэ жорлонд хүндээр бие засах боломжтой хэвээр байгаа юм байна.

“Сансрын жорлон, угаалгын өрөө бол үргэлж сорилт байдаг. Хүн бүр үүнийг ойлгох байх” гэж NASA-гийн Orion хөтөлбөрийн дэд менежэр Дэбби Корт тайлбарлажээ.

Нислэгийн удирдлагын багийн дарга Жон Ханикатт “Тэд зүгээр, ийм нөхцөл байдлыг даван туулахаар бэлтгэгдсэн” гэж сансрын нисэгчдийн талаар хэлсэн байна.

Orion хөлөг дэлхийгээс 400,000 км орчим хол зайд хүрэх бөгөөд энэ нь хүн төрөлхтний дэлхийгээс холдсон дээд амжилт болох юм.

Хөлөг сарыг нэг бүтэн тойроод буцах бөгөөд ингэхдээ сарны тойрог замд оролгүй алсуур тойрох тул 53 жилийн өмнөх Apollo 13 хөлгийн туулсан замаас хол аялахаар байгаа.

Аялал нийтдээ 10 орчим хоног үргэлжилж, дөрөвдүгээр сарын 10-нд сансрын нисэгчдийг суулгасан хөлгийн капсул Номхон далайн усанд бууснаар өндөрлөнө. NASA 2028 онд хоёр сансрын нисэгчийг сарны өмнөд туйлын ойролцоо буулгах аяллыг төлөвлөж байгаа бөгөөд энэ удаагийн аялал түүний бэлтгэлийг хангах юм.

Эцэст нь NASA саран дээр дэлхийн бусад улс орнуудаас өмнө байнгын ажиллагаатай суурин байгуулахыг зорьж байна. Энэ удаагийн аялалд анхны өнгөт арьстан, анхны эмэгтэй, анхны АНУ-ын иргэн бус сансрын нисэгч оролцож байгаагаа онцлог болжээ.

 

Эх сурвалж: Associated Press