Трамп гэрээ хэлэлцээр байгуулах хугацаа дуусахад 48 цаг үлдээд байгааг Ираны эрх баригчдад анхаарууллаа

Т.Давааням, ikon.mn
6 цаг 1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гэрээ хэлэлцээр байгуулах хугацаа дуусахад 48 цаг үлдээд байгааг Ираны эрх баригчдад анхааруулжээ.

Үүнтэй зэрэгцэн Ираны нутаг дэвсгэрт устгагдсан АНУ-ын байлдааны нисэх онгоцны нисгэгчийг олох эрлийн ажиллагаа хоёр талд үргэлжилсээр байна.

Трампын мэдэгдлийн өмнөхөн Ираны цөмийн цахилгаан станцын ойролцоо газар агаарын цохилтод өртөхөд ажилчдыг нүүлгэн шилжүүлсэн бол Бахрейны эрэгт байсан Израильтай холбоотой худалдааны хөлөгт довтолсноо Хувьсгалт Гвардын удирдлага зарлажээ.

“Гэрээ байгуулах, эсвэл Ормузын хоолойг нээх арав хоногийн хугацааг Иранд өгснийг санаарай. Хугацаа дуусах дөхөж байна. Тэднийг бүрэн там болгоход 48 цаг үлдлээ” гэж Трамп сошиал хуудсаараа мэдэгдсэн юм.

Тэрбээр гуравдугаар сарын 26-нд зарласан 10 хоногийн хугацаагаа энд дурдсан байна.

Баасан гарагт Ираны зэвсэгт хүчин АНУ-ын F-15 байлдааны нисэх онгоцыг өөрийн нутаг дээр буудаж унагасан бөгөөд онгоцны хоёр нисгэгч шүхрээр буусны нэгийг АНУ-ын тусгай хүчнийхэн аварсан бол нөгөөг нь хайсаар байгаа.

Энэ өдөр бас Персийн буланд АНУ-ын А-10 газрын довтолгооны нисэх онгоц унаж, онгоцны цорын ганц нисгэгч аврагдсан юм.

Ираны тал ч бас дайсныхаа нисгэгчийг олох эрлийн ажиллагааг явуулж байна. Тегераны төв хэвлэлийн мэдээлснээр уг ажиллагаанд зэвсэгт хүчин болон орон нутгийн ард иргэд оролцож байгаа гэнэ.

Нисгэгчээ аврахаар ирсэн АНУ-ын цэргийн нисдэг тэрэг рүү Ираны зэвсэгт хүчнийхэн гал нээж буйг харуулсан дүрс бичлэг цацагдаад байгаа.

Ираны парламентын спикер Мохаммед Галибаф өчигдөр Трампын засаг захиргааны эхлүүлсэн дайны зорилго “дэглэмийг солих”-оос “нисгэгчээ хайж олох” зорилготой болж буурсныг элэглэн шоолсон байна.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар газардсан нисгэгч өгөгдсөн сургалтын дагуу дайсандаа баригдахгүйн тулд хаа нэгтээ нуугдсан байх ёстой гэнэ.

Бямба гарагт Ираны цорын ганц цөмийн цахилгаан станц болох Бушерийн ойролцоо туссан агаарын цохилтын улмаас харуулын нэг ажилтан алагдсан байна.

Үүний дараа станцыг бүтээн байгуулах, ажиллуулахад оролцож буй 198 ажилчнаа нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг Оросын эрх баригчид гаргажээ.

Ираны өмнөд эрэгт байрладаг тус станц нийслэл Тегеран хотоос хол, Персийн булангийн Кувейт, Бахрейн, Катар улсуудад илүү ойр оршдог.

Тиймээс Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи цөмийн цахилгаан станцыг чиглэсэн халдлага үргэлжилсээр байвал цацраг идэвхт бодис алдагдаж, хөрш орнуудад аюул учруулахыг анхааруулжээ.

Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагийн тэргүүн Рафаэл Гросси тус станцын ойр орчимд цацрагийн түвшин нэмэгдээгүйг баталсан ч сүүлийн хэдэн долоо хоногийн турш дөрөв дэх удаагаа ийм халдлага гарсанд “маш их санаа зовж” байгаагаа илэрхийлсэн байна.

Бямба гарагт Ираны устгагдсан нисгэгчгүй онгоцнуудын хэлтэрхий газарт унахад Бахрейн улсад дөрвөн хүн шархадсан бол Дубай хотод хоёр барилга оногдсоны нэг нь АНУ-ын Oracle компанийн салбарын оффис байжээ.

 

Эх сурвалж: AFP