Нийслэл хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалахад ААН, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 22-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 12-ны өдрийг дуустал бүх нийтийн их нийтийн цэвэрлэгээг гурван үе шаттай зохион байгуулахаар болжээ.
Энэ тухай Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны/УБЗАА/ Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ "Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж талбайг цэвэрлэх ажлыг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил зургаан удаагийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн юм.
Ээлжит их цэвэрлэгээ гуравдугаар сарын 22-ны Бямба гарагаас дөрөвдүгээр сарын 12-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Их цэвэрлэгээ нь гурван үе шаттай.
Эхний цэвэрлэгээнд автобусны буудал болон ногоон байгууламжийг хамруулах бол дараагийнх нь ААН, байгууллага ойр орчмын 50 метр талбайг цэвэрлэх, гурав дахь цэвэрлэгээнд иргэн, ААН, холбогдох агентлаг, газрын албан хаагчдыг цэвэрлэгээнд оролцуулна.
Маргааш эхлэх их цэвэрлэгээний үеэр хаврын тоос шорооноос сэргийлж чийгтэй цэвэрлэгээг голчлон хийнэ.
Мөн иргэдийн аюулгүй зорчих байдлыг хангах хүрээнд эзэнгүй нохой, муурын тоо толгойг цөөрүүлэх ажлыг давхар зохион байгуулна.
Нийслэлийн их цэвэрлэгээнд иргэд, ААН-үүд өргөнөөр оролцохыг уриалж байна" гэж мэдээллээ.
Сар шинийн баярыг угтсан их цэвэрлэгээг өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!