Формула 1 уралдааны 2025 оны улирал Абу Дабигийн гараагаар өндөрлөлөө.
Энэ гараанд сүүлийн дөрвөн жил аваргалаад буй нидерланд нисгэгч Макс Ферстаппен өнгөлж, Австралийн Оскар Пиастри, Их Британийн Ландо Норрис нар удаалав.
Ингэснээр нийлбэр дүнгээр "МакЛарен" багийн 26 настай залуу нисгэгч Л.Норрис 423 оноогоор тэргүүлсэн бол "Ред Булл"-ын М.Ферстаппен 421, шинэхэн дэлхийн аваргын багийн анд О.Пиастри 410 оноогоор эхний гурван байр эзэллээ.
Өнгөрсөн аравдугаар сард багийн дүнгээр тэргүүлэх нь тодорхой болсон "МакЛарен" баг 1998 оноос хойш анх удаагаа баг болон хувийн төрөлд тэргүүлж байна.
Тэр жил дэлхийн хоёр удаагийн аварга финланд нисгэгч Мика Хаккинен анхны түрүүгээ авахад "МакЛарен-Мерседес" багийн төрөлд мөн аваргалж байжээ. Тэрбээр дараа жил нь амжилтаа давтсан түүхтэй.
Түүнээс хойш алдарт "Феррари"-гийн хүлэгтэй Михаэль Шумахер тав дараалан түрүүлснээр нийт долоон түрүүтэй болсон бол өнгөрсөн хугацаанд Их Британийн Льюс Хэмилтон долоо, Себастиан Феттел болон Макс Ферстаппен нар тус бүр дөрөв, Фернандо Алонсо хоёр, Кими Райкконен, Женсон Баттон, Нико Росберг нар тус бүр нэг удаа тэргүүлж байв.
М.Ферстаппены хувьд М.Шумахерын тав дараалсан түрүүг давтах боломжоо алдсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!