Уншиж байна ...

АНУ-ын сангийн сайд ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийхийн тулд шар буурцгийн фермээсээ татгалзжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
51 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Трампын засаг захиргааны гадаад худалдааны бодлогыг гол хэрэгжүүлэгчдийн нэг АНУ-ын сангийн сайд Скотт Бессент ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийхийн тулд өөрийн эзэмшиж байсан шар буурцгийн фермээсээ татгалзжээ.

Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дундаа шар буурцгийн экспорт тус улсын Хятадтай хийдэг худалдаанд чухал байр суурь эзэлдэг. Бессент энэ оны нэгдүгээр сард Трампын засаг захиргаанд сангийн сайдаар томилогдохдоо хувийн ашиг сонирхлын зөрчилгүй байх ёс зүйн гэрээ байгуулж байжээ.

АНУ-ын засаг захиргааны ёс зүйн алба өнгөрсөн наймдугаар сарын 11-нд гэрээнийхээ зарим үүргийг биелүүлээгүй байгааг нь Бессентэд анхааруулж байсан юм.

Тэгвэл Бессент өчигдөр CBS сувгийн “Face the Nation” нэвтрүүлэгт оролцохдоо гэрээнийхээ үүргийг бүрэн биелүүлж, шар буурцгийн ферм дэх эзэмшлээсээ татгалзсаныг мэдээлжээ.

“Бид хөдөө аж ахуйн салбарт оролцоотой, шар буурцгийн фермд эзэмшилтэй байсан. Ёс зүйн гэрээнийхээ дагуу би энэ долоо хоногт эзэмшлээсээ бүрэн татгалзлаа. Тиймээс би энэ бизнесээс гарсан” гэж тэр хэлсэн байна.

Нью Йорк Таймс сонинд мэдээлснээр Бессент нь Умард Дакота мужид үйл ажиллагаа явуулдаг $25 саяын үнэлгээтэй шар буурцаг, эрдэнэ шишийн фермийг эзэмшдэг байжээ.

Тэрбээр энэ бизнесээсээ жилд $1 сая орчмыг олдог байсан гэнэ.

Бессент уг фермээс гадна Key Square Group хувийн хөрөнгө оруулалтын сан зэрэг хэд хэдэн бизнесийн байгууллага дахь эзэмшлээсээ салах үүрэг хүлээж байжээ.

Тэдгээрийн ихэнхийг 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны дотор биелүүлснийг албаны эх сурвалж баталж байна.

Харин наймдугаар сард ёс зүйн албанаас илгээсэн захидлын хариуд Бессент гэрээний дагуу нийт хөрөнгийнхөө 4 хувиас бусдаас татгалзаад байгаа, үлдсэн хэсгээс энэ онд багтаан татгалзахаа мэдэгдэж байжээ.

 

Эх сурвалж: Reuters