Ирантай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх боломж үлдээхийн тулд Трамп цохилтоо зогсоосныг АНУ-ын элчин сайд тайлбарлажээ
Өнгөрсөн бараг хоёр долоо хоногийн турш АНУ-ын арми Ираны нутаг дэвсгэрт шөнө алгасалгүй агаарын цохилт өгч байсан нь сүүлийн хоёр өдөр түр завсарлаад байна.
Энэ нь Ирантай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх боломж үлдээх зорилготой ерөнхийлөгч Трампын авсан арга хэмжээ болохыг НҮБ-д суугаа АНУ-ын элчин сайд Ням гарагт тайлбарлажээ.
Fox News сувагт өгсөн ярилцлагадаа Майк Уолц үүнийг ерөнхийлөгч “Ираны талд багахан боломж үлдээж байгаа хэрэг” гэж хэлсэн юм.
АНУ-ын тал цохилтоо зогсоосны хариуд Техран бас Ойрх Дорнодын бүс нутаг дахь “хариу арга хэмжээ”-гээ завсарлаж буйг Ираны армийн хэвлэлийн төлөөлөгч Ням гарагт мэдээлжээ.
Талууд зургаадугаар сард түр гал зогсоох гэрээ байгуулсан ч энэ сарын эхээр Ормузын хоолойд гарсан мөргөлдөөний улмаас нөхцөл байдал дахин хурцдаж эхэлсэн юм.
Нью Йорк Таймс сонин саяхан Ираны дайн үргэлжилбэл АНУ-ын агаарын довтолгооноос хамгаалах зэвсгийн нөөц багасаж болзошгүйг Трампын засаг захиргааны албан тушаалтнууд анхааруулсан тухай мэдээлж байв.
Уолц өчигдрийн ярилцлагадаа дээрх мэдээллийг няцаажээ.
“АНУ-ын зэвсэгт хүчинд энэ кампанит ажлыг шаардлагатай хэмжээгээр, үр дүнтэй явуулахад шаардлагатай бүх нөөц бий” гэж тэр хэлсэн байна.
Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр өнгөрсөн Баасан, Бямба гарагуудад Иран, Оман улсуудын төлөөлөгчид Техран хотноо Ормузын хоолойн зохицуулалтын асуудлаар хэд хэдэн ээлжийн техникийн уулзалт зохион байгуулжээ.
Дайныг зогсооход саад болж буй хамгийн том асуудал нь дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн гол зам болох Ормузын хоолойг тойрсон маргаан юм.
Зургаадугаар сард байгуулсан санамж бичиг нь дайны галыг зогсоож, Ормузын хоолойг нээж, дайныг бүрэн дуусгах энхийн яриа хэлэлцээний 60 хоногийг эхлүүлэх зорилготой байлаа.
Гэвч долдугаар сарын 13-ны өдөр Ираны зэвсэгт хүчин Ормузын хоолойд зорчиж байсан ачааны хөлгүүд рүү довтолсноор уг тохиролцоо нуран унасан юм.
Өнгөрсөн хугацаанд Ираны тал Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн баазуудад агаарын цохилт өгсний улмаас дөрвөн алба хаагч алагдаад байна.
АНУ-ын агаарын цохилтын улмаас хэдэн арван хүний амь үрэгдсэнийг Ираны эрүүл мэндийн яам мэдээлжээ.
АНУ-ын олон нийт тав дахь сардаа үргэлжилж буй дайны үр дүнд сэтгэл дундуур байна. CBS/YouGov-ийн шинэ санал асуулгад оролцсон америкчуудын 57 хувь нь үүнд бухимдаж байгаагаа, дөнгөж 19 хувь нь өөдрөгөөр харж байгаагаа илэрхийлжээ.
Ерөнхийлөгч Дональд Трамп энэ Мягмар гарагт Цагаан ордонд Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай уулзахаар төлөвлөсөн байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
