Жолооны эрхээ хасуулсан 293 хүн согтуурсан, мансуурсан үедээ дахин жолоо барьсан байна
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тав дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн гаралт, шүүхээс оногдуулж буй ял, шийтгэлийн байдлыг 2026 оны эхний хагас жилийн байдлаар судалжээ.
Гэмт хэрэг үйлдсэн нийт 293 хүнийг нас, хүйсийн байдлаар нь авч үзвэл:
- 20 хүртэлх насны найм буюу 2.7 хувь,
- 20-30 насны 91 буюу 31 хувь,
- 30-39 насны 107 буюу 36.5 хувь,
- 40-өөс дээш насны хүн 87 буюу 29.6 хувийг эзэлж байх бөгөөд 92 хувь нь эрэгтэй байна.
Үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 65.1 хувь нь Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт хамгийн их бүртгэгдсэн байна.
Анхан шатны шүүхээс 169 хүнд торгох, 30 хүнд хорих, 41 хүнд зорчих эрхийг хязгаарлах, 44 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, дөрвөн хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэжээ.
Судалгааны дүнгээс харахад дээрх төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан, шүүхээр шийтгэгдсэн хүний тоо улам өсөх хандлагатай байна.
Иймд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг Тээврийн прокурорын газраас уриаллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
