"Казах түмний уламжлалт хаврын буюу "Наурызын баяр 2025" өдөрлөг нийслэлийн төв талбайд гуравдугаар сарын 22-ны Бямба гарагт 09:00 цагаас эхлэн зохион байгуулагдахаар болсон. Иргэдийг арга хэмжээнд хүрэлцэн ирж, үндэсний өв соёлын гайхамшгийг мэдрэхийг урьж байна" гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.
Өдөрлөгийн үеэр казах үндэстний өв соёлыг таниулсан соёл, урлагийн концерт, казах үндэсний бөхийн тэмцээн, гар урлалын үзэсгэлэн, наурызын амтат зоог, уламжлалт идээг таниулах зэрэг хөтөлбөртэй байна.
Түүнчлэн гуравдугаар сарын 22-нд Бөхийн өргөөнд Наурызын баярт зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөх барилдана.
Наурызын баярыг зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд нүүдэлчдийн соёлын үнэт өв гэдгийг баталж, 2024 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол Улсын нэр дээр бүртгэжээ.
Наурыз буюу хаврын баяр нь өдөр, шөнө тэнцдэг өдөр тохиодог билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!