Өнөөдөр ДДэшТВ ХХК болон Цаг уур, орчны шинжилгээний газар ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ-ийг байгууллаа. Тус санамж бичгээр ДДЭШ компанийн “Төхөөрөмж шинэчлэх аян”-ны хүрээнд хэрэглэгчдэдээ хүргэх ДЭВШИЛТЭТ 3.0 төхөөрөмж дээр ЦУОШГ-аас албан ёсны, найдвартай цаг агаарын мэдээллийг хүргэхээр болсон байна.
Ингэснээр тус шинэ төхөөрөмжийн ЦАГ АГААР цэсээс хэрэглэгчид Монгол орны хаанаас ч 21 аймаг, 330 сумын цаг агаарыг урьдчилсан байдлаар харах боломжтой төдийгүй, Голуудын усны түвшин болон үертэй голуудын мэдээлэл, аюултай болон гамшигт үзэгдлийн анхааруулгыг тухай бүрд нь авах боломж бүрдэж байна.
Энэ тухайд ДДэшТВ ХХК-ийн Техник, Технологийн албаны захирал Н.Ариунболд:
“ДДЭШ компани маань үнэнч хэрэглэгчдийнхээ хүсэлтээр 10-аас дээш жил ашигласан хуучин төхөөрөмжүүдийг шинэчлэх аяныг 4-р сард эхлүүлэх гэж байна. Энэхүү дэвшилтэт 3.0 төхөөрөмж маань кино сан, өөр дээрээ санах ой, хадгалаад нөхөж үзэх гэх мэт маш олон давуу талтай. Эдгээрээс гадна Монгол орны хаанаас ч цаг агаараа шууд харах боломжтой цэсийг хөгжүүлж, ЦУОШГ-тай хамтран мэдээллийг шуурхай хүргэхээр боллоо. Мэдээж манай үйлчилгээний хамгийн том давуу тал бол хиймэл дагуулаар үйлчилгээ хүргэдэг. Иймд хэрэглэгчид маань энэ давуу талыг ашиглан цаг агаараа ч мөн ямар ч интернэт шаардлагагүйгээр шууд харах боломж ийнхүү бүрдэж байна. Технологийн давуу боломжийг ашигласан энэ мэт үйлчилгээг бид цаашид ч мөн олноор нэвтрүүлэх болно” гэв.
ЦУОШГ-ын дарга Э.Баттулга:
“Монгол орны өнцөг булан бүрд суугаа ДДэш-ийн хэрэглэгчид цаг агаарын гамшигт үзэгдлийн мэдээллийг цаг алдалгүй, түргэн, шуурхай авах боломж ийнхүү бүрдлээ. Мөн технологийн дэвшлийг ашиглан 5 хоногийн цаг агаарын урьдчилсан болон бүс нутгийн мэдээ, томоохон голуудын усны түвшин, үертэй голуудын мэдээллийг хэзээд авах юм. Цаг агаар гэсэн тусдаа цэстэй учир иргэд маань бусад хөтөлбөрийг хүлээх шаардлагагүйгээр шууд мэдээллээ авч байгаагаараа давуу талтай” гэж Санамж бичиг зурах үйл ажиллагааны үеэр хэллээ.
Ташрамд дурдахад ДДэшТВ компанийн үнэнч хэрэглэгчдийнхээ хүсэлтээр гаргаж буй Дэвшилтэт 3.0 төхөөрөмж 4-р сараас эхлэн худалдаалагдах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!