Олон Улсын Олимпын Хороог анх удаа Африк гаралтай, анх удаа эмэгтэй хүн удирдахаар сонгогдлоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт Грек улсад болсон хурлаар Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) шинэ ерөнхийлөгчөө сонголоо.

Дэлхийн спортын хамгийн том байгууллагыг анх удаа эмэгтэй хүн, бас анх удаа Африк тивийн уугуул хүн удирдахаар сонгогдсон нь Кирсти Ковентри байлаа.

Ковентри нь өөрийн эх орон Зимбабве улсад усан сэлэлтийн төрлөөр хоёр удаа олимпын медаль авчирч байсан тамирчин хүн юм.

41 настай тэр бас ОУОХ-ны түүхэнд хамгийн залуу ерөнхийлөгч, сонгуульд нэр дэвшсэн хоёр дахь эмэгтэй болж байна.

ОУОХ-ны одоогийн ерөнхийлөгч, Германы иргэн Томас Бах 12 жилийн хугацаанд энэхүү нэр хүндтэй албан тушаалыг хашсан юм.

Тэрбээр зургаадугаар сарын 24-ний өдөр ажлаа Ковентрид шилжүүлэхээр болж байна.

Энэ удаагийн сонгуульд Ковентритэй ОУОХ-ны ерөнхийлөгчөөр 1980-2001 онуудад ажиллаж байсан Хуан Антонио Самаранчийн хүү “бага” Самаранч, Дэлхийн Тамирчдын Холбооны тэргүүн Себастян Коэ нарыг ширүүн өрсөлдөнө гэсэн таамаг яригдаж байсан юм.

Гэтэл ердөө эхний ээлжийн санал хураалтаар Ковентри шууд ялалт байгуулсан нь санаанд оромгүй үр дүн байлаа.

Ковентри боломжит 97 саналын 49-ийг авсан бол Самаранч 28, Коэ ердөө найман санал авчээ.

Хэрвээ 65 настай Самаранч сонгогдсон бол ижил нэртэй эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэх, 68 настай Коэ сонгогдсон бол энэ албан тушаалд хүрсэн анхны Британи хүн болох байв.

Насыг нь харгалзан үзвэл энэ сонгууль тэдний хувьд ОУОХ-ны ерөнхийлөгч болох сүүлчийн боломж байсан юм.

Сонгуульд өөр дөрвөн хүн өрсөлдсөн ч тэдний хэн нь ч дөрвөөс илүү санал аваагүй байна.

Ковентригийн хувьд нэг асуудал нь одоо тэр 2023 оны шударга бус, маргаантай сонгуулиар байгуулагдсан Зимбабвегийн засгийн газарт сайдын алба хашдаг явдал байлаа.

Гэхдээ энэ асуудал түүнийг сонгогдоход нөлөөлөөгүй юм.

Одоо Ковентрид 2028 оны Лос-Анжелесын Зуны олимпын наадмыг амжилттай зохион байгуулахын тулд зан аашийг нь урьдчилан таахад хэцүү АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын эвийг олох хүнд даалгавар тулгарч байна.

Мөн геополитикийн олон асуудал, улс төрийн зөрчил маргаантай үед ОУОХ-ны ерөнхийлөгч болж байгаа юм.

Тухайлбал Украины дайны улмаас улсынхаа нэр, далбаа дор өрсөлдөх боломжгүй болсон Оросын тамирчдын асуудал түүнийг хүлээж байна.

ОХУ-ын спортын сайд, үндэсний олимпын хорооны дарга Михаил Дегтярев түүнд баяр хүргэхдээ “Бид илүү хүчтэй, илүү бие даасан, илүү цэцэглэн хөгжсөн Олимпын хөдөлгөөнийг, бас Оросын тамирчдыг Олимпын дэвжээнд буцааж гаргахыг шинэ ерөнхийлөгчөөс хүсэж байна” гэж сошиал хуудсандаа бичжээ.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зураг
2 | 1 | 1 цаг