Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (ДБНХ)-ны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) энэ сарын 25-наас 30-ныг дуустал Йорданы Амман хотод болж буй юм.
Эхний хоёр өдөр сонгомол бөхөөр эхэлсэн бол гурав дахь өдрөөс эмэгтэй бөхчүүд дэвжээнд гарлаа.
Тодруулбал эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65, 72 кг жинд медальтнууд тодорсон байна.
50 кг-ын жинд Б.Мөнхнар эхний тойрогт БНХАУ-ын Жан Юүд ялагдсан ч дагах барилдаанд Шри Ланк, Казахстаны бөхийг ялснаар хүрэл медаль хүртсэн.
55 кг-ын жинд Б.Отгонтуяа БНСУ, Казахстаныг дараалан ялсан боловч хагас шигшээд БНХАУ-ын бөхөд ялагдсанаар хүрэл медалийн төлөө өрсөлдөх болов. Медалийн төлөөх хариуцлагатай барилдаанд Энэтхэгийн Нишү Дахьяаг буулган авчээ.
Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа БНСУ-ын бөхийг илүүрхсэн ч Хойд Солонгосын Пак Сол Гумьд дийлдсэн. Хүрлийн төлөө Киргизийн Гүлнара Таштанбековаг ялснаар тивийн тэмцээнээс тав дахь медалиа хүртлээ.
Тэрбээр нэг мөнгө (2021), дөрвөн хүрэл (2020, 2022, 2024, 2025) медаль авсан юм.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68, 76 кг жингийн медальтнууд тодорно. Харин тэмцээний сүүлийн хоёр өдөр эрэгтэйчүүд өрсөлдөх билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!