Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах хүрээнд дүүжин замын тээврийн төслийг нийслэлийн хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр болсон.
Төслийн “Яармаг, Арцат –Өнөр хороолол” чиглэлийн бүтээн байгуулалтын ажил эхэлж, тулгуур багануудын шон суурийн өрөмдлөгийн ажил өрнөж байгаа бол хоёрдугаар шугам буюу Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгээс/Хүүхдийн парк/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглэлийн төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах, дэд бүтэц, суурь судалгааны ажлууд хийгдэж эхэлжээ.
Дүүжин замын тээвэр төслийн хоёрдугаар шугамыг иргэдийн зорчилт ихтэй, авто замын сүлжээ өргөтгөх боломжгүй, нийтийн тээврийн хүртээмж багатай байршлыг сонгосон байна. Өөрөөр хэлбэл дүүжин тээврийн дараагийн шугам нь Хан-Уул дүүргийн 15, 17, 18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо болон Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороог хамран хэрэгжих бөгөөд тухайн бүсэд нийт 82,000 орчим хүн амьдардаг байна.
Нягтрал ихтэй ч, хоорондоо авто зам, нийтийн тээврийн сүлжээгээр холбогдоогүй, голоор тусгаарлагдсан газруудын түгжрэл, ачааллыг шийдэх хүрээнд дүүжин замын тээвэр төслийг хоёр чиглэлд барьж байгуулахаар болж, Франц улсын "Пома" групп төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!