Трампын засаг захиргааны өндөр албан тушаалтнууд Йемен дэх зэвсэгт босогчдын байрлалд агаараас довтлох байлдааны маш нууц төлөвлөгөөг Signal мессэнжэрээр хоорондоо харилцахдаа задруулсан гэх дуулиан АНУ-д ид яригдаж байна.
“Signalgate” хэмээн нэрлэгдэж буй энэ дуулиан тангараг өргөөд хоёр сар гаруйхан хугацаа өнгөрөөд буй ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний багийнхны нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа.
Тэгвэл өчигдөр АНУ-ын холбооны шүүгч Жэймс Босбэрг дээрх дуулианд нэр холбогдсон өндөр албан тушаалтнуудад гуравдугаар сарын 11-нээс 15-ны хооронд харилцсан чатын түүхээ устгалгүй хадгалах үүрэг өгсөн байна.
Энэ нь American Oversight хараат бус хяналтын байгууллагаас шүүхэд гаргасан гомдлын дагуу авсан арга хэмжээ ажээ.
Трампын албан тушаалтнууд арилжааны зориулалттай Signal мессенжэр платформыг нууц мэдээлэл солилцоход ашигласан нь холбооны харгалзах хуулийг зөрчсөн гэж тус байгууллага үзэж байгаа юм байна.
“The Atlantic” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Жэфри Голдбэрг санамсаргүй дээрх чат группт нэгдсэнээр Йемений байлдааны нууц төлөвлөгөөг олж авсан юм.
Тэрбээр Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолцын урилгаар Трампын аюулгүй байдлын асуудал хариуцсан өндөр албан тушаалтнуудын чат группт нэмэгдсэн байжээ.
Голдбэрг байлдааны төлөвлөгөөг гуравдугаар сарын 15-ны өдөр авснаас хойш хоёр цагийн дараа АНУ-ын зэвсэгт хүчин Йемен дэх босогчдын байрлалуудад агаараас довтолж эхэлсэн юм байна.
Дээрх чат группт Пентагоны тэргүүн Пит Хэгсэт, Үндэсний Тагнуулын Албаны захирал Тулси Габбард, Тагнуулын Төв Газрын захирал Жон Рэтклиф, сангийн сайд Скот Бессент, төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио зэрэг өндөр албан тушаалтнууд байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
|