Дэлхийн хамгийн том арал Гринландыг АНУ-д нэгтгэх Трампын төлөвлөгөөнд санаа зовж байгаагаа ОХУ-ын ерөнхийлөгч Путин өчигдөр илэрхийлжээ.
Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялснаасаа хойш Дани улсын бүрэлдэхүүнд өөртөө засах эрхтэй оршдог Гринланд арлыг АНУ-д нэгтгэх нь “олон улсын аюулгүй байдлын үүднээс шаардлагатай” хэмээн дахин дахин мэдэгдсээр байгаа.
Өчигдөр Мурманск хотод болсон Умард Туйлын чуулга уулзалтын үеэр Путин “Үүнийг Америкийн шинэ засаг захиргааны хоосон яриа гэж үзэх нь том алдаа юм. Энэ бол бодитой зүйл. Бид Гринландтай холбоотой АНУ-ын төлөвлөгөөний талаар ярьж байна. Энэ төлөвлөгөө нь урт удаан хугацааны түүхэн үндэслэлтэй” гэж хэлжээ.
Тэрбээр цааш нь “Умард Туйлын үүрэг, ач холбогдол Орос улсад төдийгүй дэлхий дахинд улам бүр нэмэгдэж байгаа нь ойлгомжтой. Харамсалтай нь энэ бүс нутагт байр суурь олж авах геополитикийн өрсөлдөөн бас эрчимжиж байна” гэж хэлсэн юм.
Хэдийгээр Гринланд арлын эзэмшлийн асуудалд Орос улсын шууд оролцоо байхгүй ч “НАТО-гийн орнууд Умард Туйлыг болзошгүй мөргөлдөөний талбар болгох сонирхол улам бүр нэмэгдэж байгаад” санаа зовж байгаагаа Путин илэрхийлжээ.
Дани улсаас аажмаар тусгаар тогтнох хүсэлтэй байгаа Гринланд арал дээр одоо АНУ-ын цэргийн бааз байрладаг. АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс өнөөдөр буюу Баасан гарагт тус баазад айлчлах төлөвлөгөөтэй байгаа.
Дани улс Гринландыг авах Трампын санааг эрс няцаасаар ирсэн бол арлын оршин суугчдын олонх нь АНУ-ын бүрэлдэхүүнд орохыг эсэргүүцдэг.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Гринланд арал цас мөсөн хучлагаасаа салснаар байгалийн их баялгийг нь ашиглах боломж нэмэгдэж байгаа.
Бас Умард Туйлын мөс хайлж, далайн шинэ зам нээгдсэн нь Умард Америк, Европын дунд оршдог энэ арлын стратегийн ач холбогдлыг улам өсгөж байна.
Путин өчигдөр хэлэхдээ Орос улс Умард Туйлд хэнтэй ч дайсагналцах бодолгүй, гэхдээ өөрийн эрх ашгийг хамгаалахад бэлэн гэсэн юм.
Тэрбээр Оросын хойд хэсгийн боомтуудыг өргөжүүлж, Умард Туйлд шинэ үеийн мөс зүсэгч, тэр дундаа цөмийн хөдөлгүүртэй хөлгүүдийн тусламжтай худалдааны флот байгуулахыг чуулганд оролцогчдод уриалжээ.
Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд одоогоор Оросын дотоодын хүчин чадал хангалтгүй байгаа тул гадаадаас хөлөг авах, гадаадын үйлдвэрлэгчидтэй хамтрах хэрэгтэйг онцолсон байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн үр дүнд Умард мөсөн далайн ёроолд оршдог эрдэс баялгийн их нөөцийг олборлох боломж улам нэмэгдэж байгаа.
Бас цэрэг дайны өрсөлдөөний шинэ талбар болж байгаа юм. Судлаачдын үзэж байгаагаар Орос улс хуучин Зөвлөлтийн үеийн баазуудаа сэргээн ашиглаж чадвал Өрнөдийнхнөөс илүү хурдан энэ бүс нутагт байр сууриа бэхжүүлэх боломжтой юм байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
63 СЭТГЭГДЭЛТЭЙ
|