iPod-оос Их Дуулгын цом хүртэлх Новак Жоковичийн 100 дахь түрүү

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 29
IKON.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Сербийн теннисчин Новак Жокович замналынхаа 100 дахь түрүүг Швейцарын Женев хотод зохион байгуулагдсан нээлттэй тэмцээнээс хүртсэн билээ. 

Ингэснээр Жокович 100 болон түүнээс дээш цом авсан гурав дахь тамирчин болсон юм. Түүний урд алдарт Жимми Коннорс (109), Рожер Федерер (103) нар л гурван оронтой тоонд хүрчээ. 

Бид BBC-гийн спорт булангийн сэтгүүлч Жонатан Журекогийн нийтлэлийг орчуулан хүргэж байна. 


1-ээс 100 хүртэлх түүх ингэж эхэлсэн 

2006 оны долдугаар сар. Дөнгөж 19 настай Сербийн залуу теннисчин эр замналынхаа анхны түрүүг авлаа.

Нидерландын Амерсфорт хотод шороон талбайд зохион байгуулагдсан нээлттэй тэмцээний аваргаар дэлхийн чансааны №36-д бичигдэж байсан Жокович тодорч байв. Шигшээд олимпын аварга Николас Массуг буулган авсан серби хүү баглаа цэцгийн хамт iPod-оор шагнуулж байв. 

Тухайн үед 20,000 дуу, 100 цагийн видео үзэх 80GB багтаамжтай iPod $399.99 зах зээлд борлуулагдаж байсан билээ.

Тэрбээр 2007 оны дөрөвдүгээр сард Майамигийн Мастерс ангиллын тэмцээнд Аргентины Гуллермо Канасыг, 2008 оны Австралийн Их Дуулгад Францын Жо Уилфред Цонгаг буулган авснаар анхны томоохон амжилтаа үзүүлжээ.

Үүнээс хойш гурван жилийн хугацаанд том тэмцээний цомын бараа хараагүй. 

Харин 2011 он бол Жоковичийн хувьд оргил үе нь юм. Улирлын эхний 40 тоглолтод дараалан өрсөлдөгчөө хожиж, энэ хугацаанд 7 цом өргөжээ. 

Их Дуулгын гуравт нь түрүүлж, улирлыг 10 цомтой дуусгасан аж.

Бүх цаг үеийн хамгийн агуу теннисчин

Тэр бол бүх цаг үеийн хамгийн агуу талбайн теннисчдийн нэг. Тодруулбал

  • Хамгийн олон Их Дуулгын түрүү (24)
  • Их Дуулгад хамгийн олон ялалт байгуулсан тоглогч (382)
  • Мастерс ангилалд хамгийн олон цом авсан (40)
  • ATP чансааг хамгийн олон долоо хоног тэргүүлсэн (428) 

Чансааны 1,000 оноо өгдөг Мастерс ангиллын 9 тэмцээнд бүгдэд нь түрүүлсэн цор ганц тоглогч. Эдгээр тэмцээнд нэг бус удаа цом өргөсөн түүхтэй.

Жокович өнгөрсөн онд Парисын олимпод түрүүлсэн нь замналынх нь хувьд маш онцгой амжилт болсон юм. Тэрбээр 2008, 2012, 2016, 2020 оны олимпод хүч үзсэн ч ганц л удаа төрийнхөө далбааг мандуулжээ. Тухайлбал 2008 оны Бээжингийн олимпод хүрэл медаль зүүсэн юм.

Францад дутуугаа гүйцээх ганц зорилготой очсон Жокер алтан медаль авснаар "Golden Slam" буюу ганцаарчилсан төрөлд дөрвөн их дуулга, олимпод түрүүлсэн тав дахь теннисчин болжээ.

Түүнээс өмнө Стеффи Граф (1988), Андре Агасси (1999), Серена Уильямс (2012), Рафаэль Надаль (2010) нар ганцаарчилсан төрөлд төгс амжилт үзүүлж байв.

Шигшээд хэн хэнийг ялж байв?

Жокович хамгийн анх Их Дуулгын шигшээд шалгарсан нь 2007 оны Америкийн нээлттэй тэмцээн. Энд тэр Рожер Федерерт хожигдож байв. Швейцар эр цом өргөснийхөө дараа Жоковичийг ирээдүйн гол өрсөлдөгчөө гэж нэрлэсэн нь хоосон магтаал биш байв.

Новак Федерерийн 13 цом хүртэх замд нь саад болсон юм. 

Түүнчлэн 2014 оны шигшээ тэмцээний аваргын төлөө хоорондоо таарахад Р.Федерер нурууны гэмтлийн улмаас оролцож чадаагүй. 

Мөн мөнхийн өрсөлдөгч гэж хэлж болохуйц Испанийн Рафаэль Надалийг шигшээд 15 удаа ялж, аваргын цом авчээ. 

Рафаэль Надаль, Рожер Федерер, Энди Мөррэйгийн эсрэг 40 удаа ялж байсан нь нэг их гайхах зүйл биш. 

Харин бусад 60 цомын төлөө тэр 37 өрсөлдөгчөө ялжээ. 

1977 онд төрсөн Аргентины Гуллермо Канас хамгийн ахмад нь юм. Тэр энэ жил 48 настай. 

Тэгвэл өдгөө 22 настай Карлос Алкараз хамгийн залуу нь. 

Серби эрийн цомын түүх эхэлсэн Амерсфорт хотын тэмцээнд түүнд ялагдсан Николас Массу өдгөө 45 настай. Тамирчны замналаа аль эрт өндөрлүүлсэн Массу Польшийн Хубер Хуркашийг дасгалжуулж буй юм. Тэгвэл 100 дахь цомоо Женевт өргөхдөө Х.Хуркашийг буулган авсан билээ.

зураг
 

Жокович өдгөө Их Дуулгад 24 түрүүлсэн тоогоороо алдарт Маргарет Кортын хамт дээд амжилт эзэмшдэг. Их Дуулгын цомоо 25 хүргэх, цаашлаад Р.Федерер болон Ж.Коннорсыг нийт цомоороо гүйцэх зорилго түүнийг хүлээж байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг