Уншиж байна ...

Дональд Трамп: АНУ-д нэгдвэл Канадыг хамгаалалтдаа үнэгүй багтаана, үгүй бол $61 тэрбумыг төлөх хэрэгтэй

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Трампын засаг захиргаа саяхан АНУ-ыг агаарын бүх төрлийн халдлагаас найдвартай хамгаалах “Golden Dome” (Алтан бөмбөлөг) нэртэй шинэ үеийн зэвсгийн систем бүтээхээр болсноо зарлаж байв.

Энэхүү хамгаалалтын системд багтах боломжийг Канад улс сонирхож байгааг тухайн үед мэдээлсэн юм.

Тэгвэл ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн хөрш Канадад ямар санал тавьснаа өчигдөр сошиал хуудсаараа мэдээлсэн байна.

“Манай гайхамшигт Golden Dome системийн нэг хэсэг байхыг маш их хүсэж байгаа Канад тэгш бус харилцаатай тусгаар улс хэвээр байвал өртөг нь $61 тэрбум болно. Харин манай 51 дэх муж болбол ТЭГ долларын өртөгтэй байна. Тэд миний саналын талаар бодож байгаа” гэж Трамп бичжээ.

Баллистик, дуунаас хурдан пуужингууд, шинэ үеийн далавчит пуужин зэрэг зэвсгүүдээс хамгаалах зорилготой шинэ бамбай системийн эхний хэсэг бүрэн эрхийн хугацаа нь дуусахын өмнө ашиглалтад орохыг Трамп мэдээлж байв.

Гэхдээ уг систем нь технологийн хувьд, ялангуяа сансраас баллистик пуужингийн халдлагыг таслан зогсоох технологийн хувьд бүрхэг байгаа.

Шинэ системийн нийт өртөг $175 тэрбум байх бөгөөд гарааны $25 тэрбумыг Конгрессоор батлуулах шаардлагатай гэж Трамп мэдэгдсэн юм.

Гэхдээ Конгрессын төсвийн байнгын хороо ийм систем байгуулахад ирэх 20 жилийн хугацаанд $542 тэрбум зарцуулах шаардлага гарч болзошгүйг анхааруулжээ.

Канадын ерөнхий сайд Марк Карни өнгөрсөн долоо хоногт тус улс АНУ-ын хамгаалалтын системд нэгдэх талаар хэлэлцэж байгааг мэдээлсэн ч төсөв зардлын талаар ярихаас татгалзаж байв.

Уламжлалт найрсаг хөршүүд болох АНУ, Канад улсуудын харилцаа Трампын засаг захиргааны үед муудаад байгаа.

Трамп хойд хөршөө АНУ-ын 51 дэх муж болгох талаар байнга ярьж, худалдааны дайн зарласан юм.

Хоёр улс 1950-аад оноос хойш Умард Америкийн Агаарын Хамгаалалтын Команд буюу Norad хэмээх системд нэгдсэн байдаг.

2022 онд Канадын засгийн газар Norad-ийг шинэчлэхэд $28 тэрбумын хувь нэмэр оруулах урт хугацааны төлөвлөгөө зарлаж байжээ.

51 дэх муж болох Трампын санааг эрс няцаадаг Канадын ерөнхий сайд Марк Карни тус улс долдугаар сарын 1-нд Европын батлан хамгаалах шинэ санаачилгад нэгдэх гэж байгааг өчигдөр мэдээлсэн байна.

Энэ нь тус улсыг зэр зэвсэг, батлан хамгаалах салбарт АНУ-аас хамаарлаа бууруулахад туслах гэнэ.

Канадын үндэсний CBC сувгаар ярихдаа Карни “Бидний батлан хамгаалах салбарт зарцуулж буй доллар тутмын 75 цент нь АНУ руу явж байна. Энэ бол ухаалаг хэрэг биш юм” гэж ярьжээ.

Канадын нэгдэхээр төлөвлөж буй Европын Холбооны “ReArm Europe” санаачилга нь нийтдээ 800 тэрбум еврогийн төсөвтэй бөгөөд Украины дараа Орос улс Европын аль нэг улсад халдан довтлохоос сэргийлэх зорилготой юм байна.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ХАХА
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа